Японы Ерөнхий сайд Олимпын дипломат ажиллагаагаа эхлүүлэв.
Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ Токиогийн Олимпын нээлтийн ёслолд оролцохоор хүрэлцэн ирсэн гадаадын орнуудын өндөр түвшний төлөөлөгчидтэй хийх гурван өдрийн дипломат уулзалтаа эхлүүлж, АНУ-ын тэргүүн хатагтай Жилл Байден болон хэд хэдэн орны удирдагчидтай уулзав.
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон тэргүүтэй 15 орчим улс орон, олон улсын байгууллагын тэргүүн нар Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд баасан гарагт болох ёслолын үйл ажиллагаанд оролцоно. Японы нийслэлд “COVID-19” халдварын улмаас онцгой байдал тогтоосон хэвээр байгаатай холбоотойгоор нээлтийн ёслолыг танхимын үзэгчгүйгээр явуулна.
С.Ёшихидэ 1909 онд угсаа залгамжлах хунтайжийн өргөөний зориулалтаар байгуулсан “Акасака” ордонд гадаадын өндөр түвшний төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж байгаа юм. Ийнхүү Ерөнхий сайд болон түүний гэргий Марико нар АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены гэргийтэй пүрэв гаргийн орой оройн зоог барьжээ. Тэргүүн хатагтай Олимпын нээлтийн ёслолд оролцох Америкийн төлөөлөгчдийг тэргүүлж буй юм.
Олимп, Паралимпын наадам амжилттай болно гэдэгт итгэлтэй байгаагаа Жилл Байден С.Ёшихидэтэй уулзах үеэрээ хэлснийг Японы Гадаад хэргийн яам уламжилжээ. Үүний хариуд Ерөнхий сайд, нээлтийн ёслолд Байдены гэр бүлийн гишүүн оролцож буй нь Япон-АНУ-ын харилцаа өндөр ач холбогдолтой болохыг тодотгон харуулж буйд баяртай байгаагаа илэрхийлжээ. Талууд мөн боловсрол тэргүүтэй бусад сэдвийн талаар хэлэлцсэн байна.
Коллежийн профессор Жилл Байдены хувьд нөхрөө нэгдүгээр сард ерөнхийлөгчийн тангараг өргөснөөс хойш Япон улсад анх удаа айлчилж буй юм. Тэрбээр эзэн хаан Нарүхитод бусад зочдын хамтаар баасан гарагт бараалхахаар товлоод байна.
С.Ёшихидэгийн хувьд Э.Макронтой бямба гарагт уулзана. Энэхүү уулзалтын үеэр Францын Ерөнхийлөгч тусдаа байгаа, салсан эцэг эхчүүдийн хүүхдүүдтэй холбоотой асуудлыг хөндөх төлөвтэй байна.
Францын 39 настай иргэн Винсент Фишо өөрийн Япон эхнэр нь хоёр хүүхдийг хулгайлсан хэмээн мэдэгдэж, энэхүү асуудалдаа олны анхаарлыг татахын тулд Үндэсний цэнгэлдэх хүрээлэнгийн ойролцоо өлсгөлөн зарлажээ.
Мөн С.Ёшихидэ пүрэв гарагт Өмнөд Суданы дэд Ерөнхийлөгч Ребекка Нянденг Де Мабиор, НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссар Филиппо Гранди, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Тедрос Адханом Гербейесус, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нартай уулзжээ.
Өмнөд Суданы дэд Ерөнхийлөгч Ребекка Нянденг Де Мабиор
НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссар Филиппо Гранди
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Тедрос Адханом Гербейесус
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ
Т.Гебрейесус “COVID-19” цар тахлын улмаас олон сорилт тулгараад буй энэ цаг үед Токиогийн Олимпыг зохион байгуулах шийдвэр гаргаж, халдварыг хяналтад авах чиглэлд хүчин чармайлт гаргаж буйг сайшаасан гэж Гадаад хэргийн яам мэдээлжээ. Ерөнхий сайд хариуд нь, вакциныг хүртээмжийг тэгш байлгах чиглэлд үргэлжлүүлэн хүчин чармайлт гаргахаа амлаад, коронавирусний гарал үүслийг тогтооход нэмэлт судалгаа шаардлагатай байгааг онцлон тэмдэглэжээ.
С.Ёшихидэ Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзах үеэр, талууд Япон, Монгол чөлөөт, нээлттэй Энэтхэг, Номхон далайн бүсийг цогцлоох чиглэлд хамтран ажиллаж, БНАСАУ-д 1970, 1980-аад онд хулгайлагдсан Япон иргэдийн асуудалд нэн даруй шийдэл олох чиглэлд үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тохиролцлоо гэж Гадаад хэргийн яам мэдээлжээ.
Тус яамны нэгэн өндөр албан тушаалтны мэдээлснээр, коронавирусний илүү хурдан халдварладаг хувилбарууд сүүлийн үед эрчимтэй тархах болсон нь олон төлөөлөгчийг айлчлалаа цуцлахад хүргэсэн байна. БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний хувьд Сөүл дэх Японы Элчин сайдын яамны орлогч дарга түүний талаар зохисгүй үг хэлсний дараа нээлтийн ёслолд оролцохгүй гэдгээ мэдэгджээ.
Мөн Японд Засгийн газрын түвшний 70 орчим төлөөлөгч айлчлах төлөвтэй байгаа боловч яг хэчнээн хүн оролцохыг эцсийн минут хүртэл эцэслэн танилцуулах боломжгүй байна гэж Сайд нарын танхимын нарийн бичгийн дарга Като Кацүнобү мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.