БНАСАУ-д коронавирусний оношлуур бүтээжээ

БНАСАУ-д коронавирусний оношлуур бүтээжээ

БНАСАУ коронавирусийг илрүүлэх полимеразын гинжин урвалын /PCR/ оношлуур бүтээсэн талаар тус улсын төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл өнөөдөр мэдээлжээ.
“Пёньян хот дахь 111 үйлдвэрийн эрдэмтэд, ажилтнууд дэлхийн стандартад нийцсэн оношлуурыг улсдаа анх удаа бүтээлээ” гэж БНАСАУ-ын эрх баригч Хөдөлмөрийн намын “Rodong Sinmun” сонинд нийтэлсэн байна.

Одоогоор дэлхийн олон оронд өвчтөнөөс цуглуулсан сорьц дахь вирусний мэдээллийг олж илрүүлэх замаар шинжилдэг “PCR” оношлуурыг “COVID-19” халдварыг илрүүлэх стандарт шинжилгээний журмаар ашиглаж байгаа юм.

БНАСАУ иргэдээ “PCR” шинжилгээнд хамруулж байгаагаа Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад мэдээлсээр ирсэн ч Пёньян ийм оношлуурыг өөрсдөө бүтээснээ анх удаа мэдэгдэж буй нь энэ юм.

Мөн дэлхийн хэмжээнд илүү хурдан халдварладаг “Лямбда”, “Дельта” хувилбар тархаж байгаатай холбогдуулан БНАСАУ коронавирустэй тэмцэх арга хэмжээнүүдээ чангатгаж байгаа ажээ.

“Дэлхийн олон орон, бүс нутагт тархаж буй аюултай хувилбаруудтай тэмцэхийн тулд вирусний эсрэг арга хэмжээнүүдээ бүх түвшинд чангатгах ажлаа эрчимжүүлж байна” гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлжээ.

БНАСАУ улс орондоо халдварын нэг ч тохиолдол бүртгэгдээгүй гэж мэдэгдсээр ирсэн ч өнгөрсөн оны эхнээс хилийн хатуу хяналт тогтоох зэргээр цар тахлын эсрэг шуурхай, хатуу арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.