А.Бурмаа: Томуугийн вирусээс гадна томуу төстэй өвчлөл үүсгэдэг маш олон вирус байдаг.
![А.Бурмаа: Томуугийн вирусээс гадна томуу төстэй өвчлөл үүсгэдэг маш олон вирус байдаг.](http://olnodo.com/media/post/2021-09/hv5DZxjSNyiCfYDwRmzvHB3qp6KwtPCAU0f8kren.png)
ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн дарга А.Бурмаа оролцож томуу, томуу төст өвчлөлийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Тэрээр хэлэхдээ, “Зөвхөн томуугийн вирусээс гадна томуу төстэй өвчлөл үүсгэдэг маш олон вирус байдаг. "КОВИД-19" халдвар ч томуу төст өвчний тоонд орж явна. Улирлын томуугийн болон цар тахлын эрсдэлийн үнэлгээгээр улирал хоорондын түвшинд өвчлөл нэмэгдэж байна.
Тодруулбал, амьсгалын замын цочмог хүнд халдвартай эмчлүүлэгч нийт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 26 хувийг эзэлж байна. Коронавируст халдвараар хэвтэн эмчлүүлж буй иргэдийг авч үзэхэд, 16-24 болон 50-60 насныхан дунд өвчлөл нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа.
Харин томуу, томуу төст өвчнөөр өвчлөгчдийн 61.6 хувийг 15 хүртэлх насны хүүхдүүд тэр дундаа 4 хүртэлх насны хүүхдүүдийн дунд өвчлөл нэмэгдсэн байдалтай байна. Түүнчлэн томуу, томуу төст өвчний шалтгаантай түргэн тусламжийн дуудлага улсын хэмжээнд 9.2 хувьд хүрээд байна” гэлээ.
Мөн тэрбээр, Аравдугаар сараас тавдугаар сар хүртэл томуугийн идэвхжилт нэлээд өндөр байдаг. Тиймээс бид зөвхөн "КОВИД-19"-ийн сорьц цуглуулж шинжлээгүй түүвэр аргаар тандалтын нэгжүүдээс ирсэн сорьцоос томуугийн болон бусад амьсгалын замын вирусийг давхар шинжилж байгаа. Шинжилгээгээр томуугийн вирус одоогоор хараахан эргэлтэд ороогүй харин томуу төстэй буюу томуугийн шинж тэмдгээр илэрдэг өвчлөлүүд болох реновирус, аденовирус болон улирлын коронавирусний тохиолдлууд бүртгэгдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хүн амын дунд "КОВИД-19"-өөс гадна бусад амьсгалын замын халдвар үүсгэгч вирусүүд байна гэж ойлгож болно.
Цар тахлын вирустэй зэрэгцээд томуугийн өвчлөл, бусад амьсгалын замын халдвар үүсгэгч вирус эргэлтэд орвол ирэх улиралд нэлээд хүндрэлтэй байх таамаг байна. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд коронавируст халдварын 33 626 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Долоо хоногт бүртгэгдэх тохиолдол улам л нэмэгдэж байна. Энэ сарын 4-10-ны байдлаар, өдөрт дунджаар 4803 тохиолдол шинээр батлагдаж байсан бол одоо энэ тоо 1600 тохиолдлоор өссөн байдалтай байна.
Тиймээс бид урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайтар авч, вакциндаа идэвхтэй хамрагдах шаардлагатай" гэв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.