Монгол-Францын төвийн захирал хатагтай С.Мартин МҮОХ-гоор зочлов

Монгол-Францын төвийн захирал хатагтай С.Мартин МҮОХ-гоор зочлов

Хатагтай Сэлин Мартин захиралтай Монгол-Францын төвийн төлөөлөл МҮОХ-нд баасан гарагт /2021.10.01/ зочилж, ажил хэргийн яриа өрнүүлсэн байна.

Франц улсын нийслэл Парис хотноо зуны XXXIII олимпын наадам зохион байгуулагдахтай холбогдуулан Монгол-Франц хоёр орны спорт-олимпизмын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, хоёр орны тамирчдыг live /амьд/ ярилцлагад оруулан туршлага солилцуулан сэдэлжүүлэх, Парисын олимп хүртэлх хугацаанд Франц хэлний сургалтад хамруулахаар ярилцжээ.

Мөн Франц улсаас ирэх сайн дурын ажилтнуудыг орон нутгийн Олимпын зөвлөл, олимпын танхимуудад томилолтоор ажиллуулах хэлбэрээр олимпизмын үзэл санааг сурталчилах болон улс орны тухай нэвтрүүлэг, өдөрлөгийг зохион байгуулах зэрэг чиглэлээр МҮОХ-той хамтран ажиллах талаар санал солилцов.

Зочид төлөөлөгчид МҮОХ-ны төв байранд байрлаж буй Олимпын музейг үзэж сонирхов. Мөн шинээр нээгдэх дижитал музейд Франц орныг сурталчилах кино, бичлэгээр хангах боломжтой талаар мэдэгдэв.  

Монгол-Францын төв нь 2004 оны 11 дүгээр сарын 29-нд байгуулагдсан бөгөөд франц хэл, соёл болоод боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, Франц хэлтнүүдийн бүтээл, туурвилыг дэмжих, сошиал сувгуудыг ашиглан мэдээлэл хүргэх чиглэлээр идэвхтэй ажилладаг төрийн бус байгууллага юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.