Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр НИТХ тогтоол батлав

Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр НИТХ тогтоол батлав
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид ээлжит хуралдаанаа хуралдуулж байна. Онцгой нөхцөлийн дэглэмтэй холбогдуулан Тэргүүлэгчид холбогдох байгууллагын зөвлөмжийг мөрдөж, хурлынхаа явцыг цахимаар дамжуулж байгаа билээ.
 
Хуралдааны эхэнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт зохион байгуулж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо. “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээг нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга бөгөөд Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Э.Эрдэнэбаатар танилцуулав. 
 
Өнөөдрийн байдлаар 1239 иргэнийг тусгаарлан, хяналтдаа байлгаж буй аж. “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотод эрсдлийн үнэлгээ хийхэд “өндөр эрсдэлтэй” гарсан байна. Иймээс өвчлөл гарсан үед хэрхэн ажиллах төлөвлөгөө гарган ажиллаж байгааг онцолсон. Тухайлбал, нийтийн эзэмшлийн гудамж талбай, гэр хорооллын зам, томоохон зах, худалдааны төвийн орчим, үерийн ус зайлуулах далан сувгийг тогтмол халдваргүйжүүлж байгаа ажээ. Гэрээт 37 аж ахуйн нэгж өнгөрсөн хугацаанд 18 мянга гаруй цэгт ариутгал хийсэн байна. Түүнчлэн үйлчилгээний 32704 газарт хяналт шалгалт хийж, хорио цээрийн дэглэм зөрчсөн зарим газруудын зөрчлийг арилгуулж, арга хэмжээ авчээ.  
 
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “Улаанбаатар хотын эрсдэлийн үнэлгээ өндөр гарсныг хэлж байна. Тиймээс иргэн бүр өндөр хариуцлагатай байх ёстой юм. Гараа тогтмол угааж, ариутгах, амны хаалт зүүх, олны хөлийн газраар зорчихгүй байх нь чухал. Нийслэлийн ИТХ өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа. Холбогдох шийдвэр гаргахад хэзээд бэлэн” гэсэн юм.
 
Танилцуулга мэдээллийг сонсоод Тэргүүлэгчид “Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангах, эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” тогтоол баталлаа. Тогтоолоор нийслэлийн есөн дүүргийн ИТХ-ын дарга нарт “Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх ажилд бүхий л талаар дэмжлэг үзүүлэх, тухайн нутаг дэвсгэр дэх шашны байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих”-ыг үүрэг болгов.
 
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.