Японд “омикрон”-ы “XE” хувилбарын анхны тохиолдол илэрлээ.
Японд коронавирусний “омикрон” хувилбарын “XE” омгийн /штамм/ анхны тохиолдол бүртгэгдсэн талаар тус улсын Эрүүл мэндийн яам даваа гарагт мэдээлжээ.
Тодруулбал, гуравдугаар сарын 26-нд Нарита нисэх буудалд байсан 30 гаруй насны эмэгтэйгээс халдвар илэрчээ. АНУ-аас ирсэн түүнд халдварын ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байна. Мөн Эрүүл мэндийн яам эмэгтэй аль улсын иргэн болохыг мэдээлээгүй байна.
Тухайн эмэгтэй “Pfizer” компанийн вакцины хоёр тунд хамрагдсан байсан ч Японд ирснийхээ дараа шинжилгээний хариу нь эерэг гарчээ. Түүний сорьцыг Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнд нарийвчлан шинжилсний дүнд “XE” омгоор халдварласан болохыг тогтоосон байна.
“XE” омгийг “омикрон” хувилбарын “BA.1”, “BA.2” дэд хувилбарын нэгдэл гэж үзэж байгаа аж. Нэгэн тайланд уг омгийг “BA.2”-оос 12.6 хувиар хурдан халдварладаг гэж мэдээлсэн ч хүндээр өвчлүүлэх эсэх нь тодорхойгүй байна. Дэд хувилбарын үндсэн шинж чанар болон эм, вакцины түүний эсрэг үр нөлөөг “BA.2”-ынхтой адил гэж үзэж байна.
Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн мэдээлснээр, нисэх буудалд буусны дараа тусгаарлагдсан хүмүүсээс цуглуулсан өөр хоёр сорьц нь “омикрон” хувилбарын генетик материалын холимог бололтой байгаа ч тэдгээрийн төрлийг хараахан тогтоогоогүй байгаа ажээ. Их Британид дөрөвдүгээр сарын 5-ны өдрийн байдлаар “XE” хувилбарын 1100 орчим тохиолдол батлагдаад байгааг тус хүрээлэн мэдээлсэн ч энэ нь өвчлөлийн нэг хүрэхгүй хувьтай тэнцэж байна.
Осакагийн Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Казүши Мотомүра энэ талаар хэлэхдээ, "Их Британид энэ омог эрт илэрсэн ч давамгайлан тархаагүй байна. Иймд Японд хурдацтай тархах магадлал бага байна. Одоогоор эмээх зүйл байхгүй. Иймээс бид нэмэлт тунд хамрагдахыг хөхиүлэн дэмжих зэрэг халдвараас урьдчилан сэргийлэх үндсэн арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх хэрэгтэй” гэсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.