Монгол, Оросын цэргүүд хамтран алан хядагчидтай тэмцэх сургуулилт хийнэ
Монгол, Оросын хамтарсан “Сэлэнгэ” сургуулилтын үеэр хоёр улсын алба хаагчид уулархаг болон цөлийн нөхцөлд хууль бус зэвсэгт бүлэглэлүүдийг устгах сургуулилт хийнэ гэж лхагва гарагт /2022.04.27/ ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн хэвлэлийн алба мэдээлэв.
Хээрийн сургуулилтын төлөвлөлтийн асуудлаар Монголд болсон эхний бага хурлын үеэр Монгол Улсын зэвсэгт хүчин, ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн төлөөлөгчид хамтарсан арга хэмжээний хэлбэр, анги нэгтгэлүүдийн практик ажиллагааны журам, цэргүүдийн хангамжийн зохион байгуулалтын асуудал болон соёл, амралтын арга хэмжээний талаар тохиролцжээ.
Жил бүр зохион байгуулдаг уламжлалт сургуулилтын эхний үе шатанд терроризмын эсрэг хамтарсан нэгтгэл байгуулан, улмаар эл нэгтгэл нь хоёрдугаар үе шатанд нөхцөлт хууль бус зэвсэгт бүлэглэлийг устгах даалгавар гүйцэтгэх юм.
“Сэлэнгэ-2022” сургуулилт харилцан итгэлцэл, тэгш, харилцан ашигтай хамтын ажиллагааны зарчим дээр суурилсан Монгол, Оросын түншлэлийг хөгжүүлэх зорилготой. Сургуулилтын хүрээнд явуулж буй ажиллагаанууд Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний байлдааны бэлэн байдлыг өндөр түвшинд хангах замаар олон улсын аюулгүй байдлын шинэ сорилтууд болон заналхийлэлд шуурхай хариу үйлдэл үзүүлэх чадварыг хангахад чиглэсэн гэж ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн хэвлэлийн алба мэдээлжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.