БНАСАУ-ын баллистик пуужингийн туршилтын талаар НҮБ-ын аюулгүйн зөвлөл хэлэлцэнэ.
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл БНАСАУ-ын баллистик пуужингийн туршилтын талаар лхагва гарагт хэлэлцэх төлөвтэй байна.
НҮБ-ын дипломат эх сурвалжуудын мэдээлснээр, АНУ яаралтай хуралдах хүсэлт гаргажээ.
БНАСАУ энэ он гарсаар хэд хэдэн удаа пуужингийн туршилт явуулсан бөгөөд өнгөрсөн бямба гарагт Япон тэнгис рүү шумбагч онгоцноос баллистик пуужин харвасан гэж үзэж байна.
АНУ тэдгээр туршилтыг Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг зөрчсөн хэмээн зэмлэн буруушаасаар ирсэн юм. Тус улс нь Пёньяны эсрэг хориг арга хэмжээнүүдийг чангатгах шинэ тогтоолын төслийг боловсруулжээ.
Тавдугаар сарын эхээр АНУ-аас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Линда Томас-Гринфилд Аюулгүйн Зөвлөлийн бусад гишүүдтэй хэлэлцээ үргэлжилж байгаа талаар мэдээлсэн байна. “Бид энэ сард энэхүү тогтоолыг ахиулах төлөвлөгөөтэй байна” гэж тэрбээр хэлжээ.
БНХАУ, ОХУ-ын хувьд БНАСАУ-ын эсрэг хориг арга хэмжээнүүдийг сулруулахыг уриалсаар байгаа юм. Ажиглагчдын хэлж байгаагаар, АНУ-ын санал болгосон тогтоол батлагдах магадлал бага байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.