Япон дөрвөн орны жуулчдыг хүлээн авахаар болсон
Япон гадаадын жуулчдыг хүлээн авч эхлэх төлөвлөгөөнийхөө хүрээнд энэ сарын сүүлээс АНУ, Австрали, Тайланд, Сингапураас вакцинд хамрагдсан хүмүүсийн бүрэлдэхүүн бүхий бүлэг жуулчдыг хүлээн авахаар болсон талаар тус улсын Засгийн газар өнөөдөр мэдээлжээ.
Япон 2020 онд коронавирусний цар тахал дэгдэж эхлэх үеэс гадаадын жуулчдад хилээ хаасан ч халдварын нөхцөл байдлын сайжирсантай холбоотойгоор энэ оны гуравдугаар сараас зорчих хөдөлгөөний хязгаарлалтуудыг үе шаттайгаар сулруулж, бизнес эрхлэгч, техникийн дадлагажигч, оюутнуудыг хүлээн авч эхэлсэн юм.
Туршилтын үе шатанд цөөн хүний бүрэлдэхүүнтэй бүлэг жуулчид мужийн засаг захиргаад нь холбогдох зөвшөөрлийг олгосон газруудаар аялах боломж бүрдэнэ. Аялал жуулчлалын яамны мэдээлснээр, үүнд “COVID-19”-ийн вакцины гурван тунг хийлгэсэн аялагчид л хамрагдах боломжтой ажээ.
Энэхүү туршилт нь Засгийн газарт хүмүүсийн хөл хөдөлгөөнийг хянан зохицуулах боломжтой эсэх, хилийг бүрэн нээсний дараа “COVID-19”-ийн тохиолдол илэрсэн тохиолдолд хэрхэн хариу арга хэмжээ авах талаар судлах боломжийг олгох ажээ.
Аялал жуулчлалын яамнаас аяллын агентлаг, зочид буудлуудад зориулан халдвараас сэргийлэх арга хэмжээнүүдийн удирдамжийг гаргана. Одоогоор Япон руу өдөрт 10 мянган хүн нэвтрэхийг зөвшөөрч байгаа Засгийн газар зургаадугаар сард энэхүү тоог хоёр дахин нэмэгдүүлж 20 мянга болгохоор хэлэлцэж байна.
Аялал жуулчлалын сайд Тэцүо Сайто хэвлэлийн бага хурлын үеэр, “Олон улсын аялал жуулчлал нь эдийн засгийг сэргээхэд чухал ач холбогдолтой болохыг" онцлон тэмдэглэжээ. “COVID-19”-ийн улмаас зорчих хөдөлгөөний хязгаарлалт тогтоосон 2021 онд Японд ирсэн гадаадын жуулчдын тоо цар тахлын өмнөх 2019 оныхоос 99.2 хувиар буурч, 245 мянгад хүрсэн нь түүхэн доод үзүүлэлт болжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.