Эрээн-Замын-Үүдийн боомтоор тээвэрлэх барааны төрөл нэмэгдэж, экспорт сэргэлээ

Эрээн-Замын-Үүдийн боомтоор тээвэрлэх барааны төрөл нэмэгдэж, экспорт сэргэлээ

Эрээн-Замын-Үүдийн боомтоор тээвэрлэх барааны төрөл нэмэгдэж, экспорт сэргэлээ. Тодруулбал, Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар, орон нутгийн удирдлагын түвшинд хийсэн уулзалт, хэлэлцээний дүнд Замын-Үүд-Эрээн төмөр замын боомтоор задгай вагоноор эрчим хүчний нүүрс, тонны савалгаатай үр тарианы импорт-экспортын тээвэрлэлтийг сэргээхээр болоод байна.

Манай улсын ГХЯ-наас мэдээлж буйгаар Хятадын талын төв Засгийн газар болон орон нутгийн удирдлагатай хийсэн олон удаагийн уулзалт, хэлэлцээний дүнд Эрээн хотын цар тахлаас хамгаалах, урьдчилан сэргийлэх шуурхай удирдлагын төвөөс энэ сарын 20-ны өдөр №104, №105 тоот шийдвэр гаргажээ. Үүгээр мөн өдрөөс Замын-Үүд-Эрээн төмөр замын боомтоор задгай вагоноор эрчим хүчний нүүрс, тонны савалгаатай үр тарианы импорт-экспортын тээвэрлэлтийг сэргээх болсон талаар дипломат шугамаар мэдэгдээд байна.

Замын-Үүд төмөр замын боомтоор нурмаг, нунтаг ачааны тээвэрлэлтийг сэргээж байна.

Ковидын цар тахлын улмаас өнгөрсөн нэг жил гаруй хугацаанд манай улсаас БНХАУ-д хийх уул уурхайн бус бүтээгдэхүүний экспорт зогсонги байдалд орсон. Тэгвэл Монгол Улсаас БНХАУ-д экспортолдог уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг сэргээх, тээвэрлэлтийг эхлүүлэх талаар дипломат шугамаар бүх түвшинд ярилцаж, харилцан ажилласны дүнд 2022 оны тавдугаар сарын 18-ны өдрөөс Замын-Үүд-Эрээн авто замын боомтоор чингэлэг тээврийн горимоор ноос, арьс шир, самар, эмийн ургамал, хөнгөн цагаан зэрэг бараа бүтээгдэхүүний экспортын тээвэрлэлтийг эхлүүлэх асуудлыг урд хөршийн талтай тохиролцож, хэрэгжүүлэх нөхцөлийг мөн бүрдүүлжээ.

Цар тахлаас өмнөх хил, гаалийн хэвийн нөхцөл байдлын үед Замын-Үүд-Эрээн төмөр замын боомтоор өдөрт дунджаар өргөн царигаар экспортын ачаатай 14-15 цуваа галт тэрэг, нарийн царигаар импортын болон дамжин өнгөрөх чингэлгийн 6-7 цуваа галт тэрэг нэвтэрдэг байв. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотод коронавирус бүртгэгдсэний улмаас өнгөрсөн оны 11 дүгээр сарын 28-наас Замын-Үүд-Эрээн төмөр замын боомтоор галт тэргээр нүүрс, нефть, зэсийн хүдэр, цайрын хүдэр, төмрийн хүдэр, целлюлоз, бордоо, ХАА-н дайвар бүтээгдэхүүн болон бусад бүх төрлийн гар аргаар ачдаг ачаа, барааг түр хугацаанд хилээр нэвтрүүлэхгүй байх талаар БНХАУ-ын талаас мэдэгдэж байлаа. Улмаар тус улсын талтай ажилласны дүнд энэ оны 1 дүгээр сарын 27-ны өдөр дээрх шийдвэр цуцлагдсан боловч нурмаг нунтаг ачаа буюу нүүрсийг задгай вагоноор тээвэрлэх үйл ажиллагаа зогсонги байдалтай хэвээр байсан юм

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.