БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын Төв хорооны хурал боллоо.

БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын Төв хорооны хурал боллоо.

Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны тавдугаар өргөтгөсөн бүгд хурал БНАСАУ-д эхэлсэн талаар тус улсын цахилгаан мэдээний төв агентлаг /KCNA/ мэдээлжээ.

Хуралд тус улсын удирдагч Ким Жөн Ун оролцжээ. Хурлын үеэр хэлэлцэх асуудлуудын талаар мэдээлээгүй байна. KCNA агентлаг хурлын талаар мэдээлэхдээ, "хэд хэдэн чухал асуудлыг" хэлэлцсэн гэж тэмдэглэжээ. "Манай аугаа эх орныхоо хөгжил цэцэглэлт, ард түмний сайн сайхны төлөөх түүхэн тэмцэлд оролцох чухал үүргээ бүрэн ухамсарласан нийт оролцогчид улс төрийн өндөр идэвх зүтгэлтэй байгаа энэ үед хэлэлцэх асуудлуудын хэлэлцүүлгийг эхлүүллээ" гэж тус агентлаг мэдээлсэн байна.

Солонгосын Хөдөлмөрийн намын Төв Хорооны бүгд хурал нь БНАСАУ цөмийн туршилт шинээр явуулж магадгүй гэх болгоомжлол үүсээд байгаа энэ үед чухал ач холбогдолтой байж болох юм гэж Японы телевизийн “NHK” суваг онцлон тэмдэглэжээ.

БНАСАУ Пунгери туршилтын талбайд цөмийн туршилт хийхээр бэлтгэж байж магадгүй тухай МАГАТЭ-ийн ерөнхий захирал Рафаэль Гросси даваа гарагт мэдээлсэн юм. Түүний хэлснээр, газар доорх хонгилуудын нэгийнх нь амсар нээлттэй байгаа бөгөөд дэлбэрэлт хийхэд бэлтгэж нээсэн байж магадгүй байна. Ийм туршилт явуулах нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг зөрчих бөгөөд ихээхэн түгшүүр төрүүлж байна гэж Гросси мэдэгджээ. БНАСАУ одоогоор зургаан удаа цөмийн туршилт явуулсан бөгөөд хамгийн сүүлд 2017 оны есдүгээр сард туршсан байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.