Үндэсний их баяр наадмаар барилдах бөхчүүдийг Монгол бөхийн өргөөнд бүртгэнэ.
Ардын хувьсгалын түүхт ой, Үндэсний их баяр наадамд 1024 бөх зодоглох бөгөөд барилдах бөхчүүдийг маргаашнаас буюу 2022 оны долоодугаар сарын 07-09-ний өдрүүдэд 10:00-19:00 цагийн хооронд Монгол бөхийн өргөөнд бүртгэх ажээ.
Барилдах бөхчүүд цолны үнэмлэх, иргэний үнэмлэх, цээж зурагтайгаа өөрийн биеэр ирж бүртгүүлэх юм.
Улсын баяр наадам болоход хэдхэн хоног үлдсэн энэ өдрүүдэд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Бөхийн салбар хорооноос бөхийн галуудаар явж, мэдээлэл, танилцуулга хийжээ.
Үндэсний бөхийн салбар хорооны гишүүд дөрвөн хэсэгт хуваагдан бөхийн галуудад ажилласан байна.
Бөхийн салбар хорооноос
1. Баяр наадмын тухай хуулийн ерөнхий болон бөхтэй холбоотой өөрчлөлт орсон заалтуудыг танилцуулах,
2. Засгийн газраар батлагдсан "ҮИБНаадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм"-ийн нэмэлт өөрчлөлтийн талаар танилцуулах,
3. Допингийн талаарх мэдээлэл, шинэчлэгдсэн хориотой эм бэлдмэлийн жагсаалтын тухай танилцуулах болон танилцуулга тараах,
4. Допингийн шинжилгээ авах шинэчилсэн журмыг танилцуулах,
5. ЦЕГ-ын Хар тамхи мансууруулах бодистой тэмцэх хэлтсээс танилцуулга тус тус хүргэлээ.
Галуудад ажилласан бөхийн салбар хорооны гишүүдээс багш дасгалжуулагч, бөхчүүд аймгуудын наадмын бүртгэлийг нээлттэй хийх, аймгийн наадмаас допингийн шинжилгээ авах, Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-ноос аймгийн наадмын бүртгэлд хяналт тавьж ажиллах, удаа дараа бүртгэл, эрэмбийн зөрчил гаргаж ажилладаг нэр бүхий дүүрэг, аймгуудын бөхийн барилдаан зохион байгуулах комисст Үндэсний бөхийн комисс ба МҮБХ удирдамж, чиглэл өгч ажиллах саналуудыг хамгийн ихээр тавьжээ.
Эдгээр асуудлуудын дагуу Үндэсний бөхийн салбар комисс, МҮБХ аймаг сумын баяр наадмын комисс, ЗДТГ, бусад байгууллагуудад дээрх саналуудыг хэрэгжүүлэн хамтран ажиллах талаар хандахаар болсон байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.