БНСУ-д “COVID-19” халдвар буурсан
БНСУ-д өдөрт шинээр илрэх “COVID-19” халдварын тохиолдлын тоо сүүлийн хоёр өдөр дараалан 60 мянгаас доошилж буурсан нь халдварын тархалт тогтворжиж байж магадгүй болохыг харуулжээ.
Солонгосын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд “COVID-19” халдварын 52 987 тохиолдол илэрснээр нийт тохиолдлын тоо 27 208 800-д хүрчээ.
Шинээр илэрсэн тохиолдлын тоог долоо хоногийн өмнөхтэй харьцуулахад 711-ээр буурсан ч сүүлийн долоо хоногийн дундаж үзүүлэлтээс ялимгүй өндөр байна.
Эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүдийн зүгээс вирусний шинэ хувилбарууд үүсэж, өвлийн улиралд битүү буюу дотоод орчинд өнгөрүүлэх хугацаа нэмэгдэж байгаатай холбогдуулан халдвар хамгааллын дэглэмээ баримталж, вакцины шинэчилсэн нэмэлт тунд хамрагдахыг олон нийтэд уриалж байна.
БНСУ-д өнгөрсөн хоногт халдварын улмаас 53 хүн нас барснаар ийм тохиолдлын тоо 30 621-д хүрсэн нь халдварын нийт тохиолдлын 0.11 хувьтай тэнцэж байна. Мөн биеийн байдал хүнд өвчтөнүүдийн тоо өмнөх өдрийнхөөс 30-аар нэмэгдэж, 460-д хүрсэн гэж Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.