БНАСАУ Ардын арми байгуулагдсаны 75 жилийн ойн хүндэтгэлийн парад хийжээ.
БНАСАУ Солонгосын ардын арми үүсэн байгуулагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан томоохон цэргийн парад зохион байгуулж, тив алгасагч баллистик пуужингуудаа үзүүллээ.
БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун уг арга хэмжээнд гэргий Ри Соль Жу болон охин Жү Э нарын хамт оролцсон боловч олон нийтэд хандаж үг хэлээгүй гэж Пёньяны төрийн мэдлийн хэвлэл мэдээлсэн байна. Жү Э-г Ким Жөн Уны хоёр дахь хүүхэд гэж таамагладаг.
Тэрбээр Солонгосын ардын арми үүсэн байгуулагдсаны ойг тохиолдуулан Ким Ир Сений нэрэмжит талбайд зохион байгуулсан шөнийн цэргийн парадыг үзэхдээ урт хар хүрэм, бүрх малгай өмссөн байсан нь БНАСАУ-ыг үүсгэн байгуулагч өвөө Ким Ир Сенийг нь санагдуулам байжээ.
Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн /KCNA/ мэдээлснээр, цэргийн парадын үеэр тив алгасагч баллистик пуужингууд болон бусад томоохон зэвсгүүдийг үзүүлснээс гадна “тогтоон барих, цохилт өгөх чадвараа” харуулахын тулд “тактикийн цөмийн цэргийн ангиудаа” парадад алхуулжээ.
АНУ-д төвтэй сансрын технологийн “Maxar Technologies” компанийн хиймэл дагуулуудаас авсан зургаас үзэхэд, БНАСАУ шинэ баллистик пуужингуудаа, түүний дотор “Hwasong-17” тив алгасагч баллистик пуужингаа үзүүлсэн бололтой.
Хэдийгээр олон пуужингийнх нь талаарх мэдээлэл одоогоор тодорхойгүй байгаа ч хатуу түлшт пуужин байсан байх магадлалтай гэж зарим ажиглагч үзэж байна. Пёньян цэргийн парадынхаа дүрс бичлэгийг өнөө орой телевизээр нэвтрүүлэх төлөвтэй байна.
БНАСАУ НҮБ-аас авч хэрэгжүүлсэн хориг арга хэмжээнүүдийг үл хайхран зэвсгийн хөтөлбөрөө урагшлуулах хүчин чармайлтаа эрчимжүүлсээр байгаа юм. Ким Жөн Уныг 2011 оны сүүлчээр засгийн эрхэнд гарснаас хойш 13 удаа цэргийн парад зохион байгуулжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.