Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх зүйтэй гэж үзжээ

Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх зүйтэй гэж үзжээ

УИХ-ын өнөөдрийн /2023.03.30/ чуулганы нэгдсэн хуралдаанаар Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ нарын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хаалттай хэлэлцэж, шийдвэрлэлээ.

Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдон яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарыг бүрэн эрхээсээ түдгэлзэж, шалгуулах нь зөв гэж үзлээ.

Харин УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзэв.  

Чуулганы нэгдсэн хуралдаан эхлэхээс өмнө УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг гурван гишүүний асуудлыг нээлттэй явуулах горимын санал гаргасан ч хуульд зааснаар хаалттай явуулахаар болсон. Учир нь, хувь хүний болон албаны нууцтай холбоотой асуудал хөндөгдөх тул хаалттай явуулах шаардлагатай болсон юм. 

Гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх санал хураалтыг цаасаар авчээ. Уг саналыг УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд гаргасан талаар эх сурвалж мэдээлсэн. Харин хуралдаанд 75 гишүүн оролцох ёстойгоос 21 гишүүн оролцоогүй, 54 гишүүн оролцож яллагдагчаар татагдсан гурван гишүүнээс асуулт асууж, тайлбар авчээ. 

Ийн дээрх хоёр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлснээр энэ удаагийн УИХ 73 гишүүнтэй ажиллах болж байна. УИХ өнгөрсөн долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа нүүрсний хэрэгт нэр холбогдон, Авлигатай тэмцэх газарт шалгуулж байгаа УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн, хүлээн авсан билээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.