Солонгос, Япон, Канад, Куба улсад суух Элчин сайдуудыг томиллоо
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэв.
Энэ үеэр Монгол Улсаас Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Отгоны Дамбийнямыг эгүүлэн татах;
Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шагдарын Батцэцэгийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Сэсээрийн Золжаргалыг;
Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамбадаржаагийн Батжаргалыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Банзрагчийн Баярсайханыг;
Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эрдэнэцогтын Сарантогосыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Батнямын Энхбатыг;
Монгол Улсаас Канад Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ядмаагийн Ариунболдыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Эрдэнэцогтын Сарантогосыг тус тус томилох саналтай байгаагаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар танилцуулав.
Эгүүлэн татагдаж буй Элчин сайд О.Дамбийням, Я.Ариунболд, Д.Батжаргал, Ш.Батцэцэг нарын томилолтын хугацаа нь үндсэндээ дууссан тул эгүүлэн татахаар болсон байна. Харин Элчин сайд Э.Сарантогосыг ажлын шаардлагаар сэлгэн ажиллуулахаар тогтсон аж. Түүнчлэн УИХ-ын 2013 оны 43 дугаар тогтоолоор Монгол Улсаас Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсын нийслэл Кабул хотод Элчин сайдын яамны үйл ажиллагааг сэргээж ажиллуулахаар шийдвэрлэсэн боловч ЭСЯ-ыг нээгээгүй юм байна. Гэхдээ тус улсад суух Элчин сайдаар Отгоны Дамбийнямыг 2014 онд томилж, түүнд Иран Улсыг хавсруулсан бөгөөд өнөөг хүртэл түүнийг эгүүлэн татах асуудлыг эрх зүйн хувьд эцэслэн шийдвэрлээгүй байжээ.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ үеэр хэлэхдээ “Элчин сайдаар томилон ажиллуулахаар нэр дэвшүүлж буй эдгээр албан хаагчид нь төрийн болон дипломат албанд, мөн хувийн хэвшилд олон жил үр бүтээлтэй ажилласан, мэргэжлийн өндөр ур чадвартай, удирдах ажлын дадлага туршлагатай, гадаад хэлний мэдлэгтэй, зохих хууль тогтоомжийн шалгуурыг хангасан хэмээн үзсэн тул нэр дэвшүүлж байна. Элчин сайдаар томилогдсон тохиолдолд өнгөрсөн оноос эхлэн гэрээ байгуулж, хагас болон бүтэн жилээр биелэлтийг нь шалган УИХ-д тайлангаа хүргүүлж буй. Ингэхдээ голлон эдийн засаг, аялал жуулчлал, иргэдтэй холбоотой асуудлаар даалгавар өгч буй” гэв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлсний дараагаар эгүүлэн татах, томилох асуудлаар санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжив. Үүний дараа УИХ-ын дарга Г.Занданшатар тус санал хураалттай холбоотой мэдээллийг Ерөнхийлөгчид албан ёсоор хүргүүлнэ гэлээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.