Ковидын үед хэрэгжүүлж байсан дэглэмээ үргэлжлүүлэхийг уриаллаа
Ковидын үед хэрэгжүүлж байсан дэглэмээ үргэлжлүүлэхийг уриаллаа.
ХӨСҮТ-өөс өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Сүүлийн долоо хоногийн байдлаар амбулаториор нийт 200 мянга гаруй хүн үйлчлүүлснээс 5.4 хувь нь томуу, томуу төст өвчнөөр оношлогджээ.
Улаанбаатар хотод 5.8 хувьтай байгаа бол аймаг орны нутгийн дундаж 5.2 хувьтай байна. Энэ нь өмнөх долоо хоногоос нэмэгдсэн үзүүлэлт бөгөөд 10 мянган хүн тутмын 36 нь томуу, томуу төст өвчнөөр өвчилж байна гэсэн үг. Улсын хэмжээнд түргэн тусламжийн дуудлагын 16 хувийг уг өвчний дуудлага эзэлж байгаа бол Улаанбаатар хотын хэмжээнд 40 орчим хувийг эзэлж байгаа аж. Ерөнхийдөө 0-4 хүртэлх насны хүүхдүүд 60 хувийг эзэлжээ.
ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 449 үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлж байна. 102 нь томуу, томуу төст өвчин болох хатгааны улмаас хэвтсэн бол бол 19 нь Covid-19-ын шалтгаантай, мөн 72 тохиолдол нь салхин цэцэг өвчний халдвар авч, эмчлүүлж буй аж. Хүлээн авахаар хоногт 80-140 хүн үйлчилүүлж буй бөгөөд 20-26 нь томуу, томуу төст өвчний улмаас хэвтэн эмчлүүлдэг байна.
Өвчлөгсдийн 10 орчим хувь нь SARS, COVID-19-өөр өвчилсөн гэх судалгаа гарсан. Зарим сорьцод түүврийн аргаар шинжилгээ хийхэд хамрын ханиад үүсгэгч вирус зонхилж байсан бөгөөд дархлаа сул, бага насны хүүхдүүдэд хүндрэх шинж тэмдэг ажиглагдаж байгааг хэллээ. Тав хүртэлх насны хүүхдүүд, өндөр настан, эмнэлгийн эмч ажилчдад дархлаажуулалтын вакцин хийсэн. Энэ сарын 22-ний байдлаар улсын хэмжээнд нийт хүн амын 87.1 хувь нь вакцинд хамрагджээ.
Томуу, томуу төст өвчний тархац өндөр байгаа учраас “Ковид 19”-ын үед хэрэгжиж байсан дэглэмээ үргэлжүүлэх шаардлагатай байгаа бөгөөд гарын ариун цэврийг сайтар сахиж, хүн хоорондын зай барьж, амны хаалтаа зүүж, дархлаагаа дэмжихийг мэргэжлийн эмч нар уриалж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.