Цахим виз олголт дөрөв дахин өссөн

Цахим виз олголт дөрөв дахин өссөн

Гадаадын иргэн, харьяатын газар 2023 онд гадаадын 44831 иргэнд визийн зөвшөөрөл, 40734 иргэнд зохих ангиллын Монгол Улсын виз олгожээ. Үүнээс 31242 визийг цахимаар олгосон байна. Энэ тоог өмнөх оны мөн үетэй харьцуулахад нийт виз олголт гурав, цахим виз олголт дөрөв дахин өссөн аж.

Мөн гадаадын 23555 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 19488 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгасан бол оршин суух зөвшөөрөлтэй 12658 иргэний бүртгэлд хасалт хийлээ. Оршин суух зөвшөөрөл олголт 2022 онтой харьцуулахад 2.5 дахин өссөн үзүүлэлт юм байна.

ГИХГ нь 2023 оны дөрөвдүгээр сарын 1-нээс гадаадын иргэний оршин суух үнэмлэх хэвлэх, олгох үйл ажиллагааг бие даан хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 34992 оршин суух үнэмлэх шинээр хэвлэж, 4664 үнэмлэхийн хүчинтэй хугацааг сунгажээ.

Түүнчлэн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, үйлчилгээний чирэгдэл, олон шат дамжлагыг багасгах зорилгоор 2021 оноос хойш цахимжуулах ажил хийсний үр дүнд виз, зөвшөөрлийн 12 төрлийн үйлчилгээг бүрэн цахимжуулж, 7-15 удаа биечлэн ирдэг иргэдийн ачааллыг хоёр болгон бууруулж, цахимаар үйлчилгээ авах нөхцөлийг бий болгов. Ингэснээр 2023 онд цахим үйлчилгээний системээр нийт 115211 хүсэлт хүлээн авч, хянан шийдвэрлээд байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.