Н.Алтансувд: БНСУ өнгөрсөн жилүүдэд гэрээт ажилтны квот болон ажиллах салбарын тоог нэмэгдүүлсэн
Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын “ажилтан илгээх, хүлээн авах тухай“ харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийг жил бүрийн нэгдүгээр улиралд багтаан зохион байгуулдаг. Энэ талаар ХХҮЕГ-ын Гадаадад ажиллах хүч гаргах хэлтсийн дарга Н.Алтансувдаас тодрууллаа.
-Түвшин тогтоох шалгалтын бүртгэлийн талаар мэдээлэл өгөөч?
- Бүгд найрамдах Солонгос Улсын Засгийн газраасхууль бусаар оршин суугч иргэдийн тоог эрс бууруулах, нутаг буцаах бодлого баримталж, Е-9 ангилалаар 2022 оноос ажиллах салбарын хүрээг тэлж, гадны албан ёсныгэрээт ажилтны тоог огцом нэмэгдүүлсэн.
Тус улсын хувьд нийт 16 улсаас ажиллах хүч авдаг. Энэ хүрээнд шалгалтын бүртгэлийг дээрх улс орнуудад төлөвлөгөөний дагуу нэгэн зэрэг зарладаг.
Мөн бүртгүүлсэн иргэдээс шалгалт авч, хүний нөөцийн бүрдүүлэлт хийдэг. Бүртгэл “ejob” флатформоор дамжин www.ehalamj.mn сайтаар 2024 оны хоёрдугаар сарын 26-29-ний өдрүүдэд цахим хэлбэрээр хийгдэнэ.
-Гэрээт ажилтнаар явах эмэгтэйчүүдийн тоо болон салбарыг нэмэх талаар өмнө нь яригдаж байсан. Энэ талаар тодруулбал?
-Иргэдээс ирүүлсэн хүсэлтийг үндэслэн эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрх, хүйсийн тэгш байдлыг хангах ажлын хүрээнд хоёр улсын Хөдөлмөрийн сайд нар 2022 онд зөвшилцөж, шийдвэрлэсний үндсэн дээр үйлчилгээний салбарт эмэгтэйчүүдийн ажлын байрыг тодорхой хэмжээнд нэмэгдүүлсэн. Үүнд, ном сонин сэтгүүлийн хэвлэх үйлдвэр, хүргэлтийн үйлчилгээ, хоол хүнсний худалдаа, барилгын ерөнхий цэвэрлэгээ, хоолны газар зэрэг 15 үйлчилгээний ажлыг тусгасан байсан.
Өнгөрсөн жил БНСУ-аас аж үйлдвэр, үйлчилгээний салбарт бүртгэл явуулж байсан бол нэмэлтээр барилга, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт гадаад ажилтан сонгон шалгаруулж авах хүсэлтээ ирүүлсэн.
Мэдээж ажиллах хүч авч буй улс орноос тухайн ажилтанд тавигдах шалгуур гэж бий. Хэрвээ доорх шалгуурыг хангахгүй бол цахим программ хангамжид бүртгүүлэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, иргэн таны хүсэлтийг хүлээн авахгүй гэсэн үг. Тухайлбал:
-18 - 39 настай байх (1984 оны 2-р сарын 26-наас 2006 оны хоёрдугаар сарын 29-ний өдрийн хооронд төрсөн байх);
-Монгол Улсад хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх;
-БНСУ-аас албадан гаргах буюу тус Улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх;
-БНСУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлж татгалзсан хариу удаа дараа авч байсан бол гэрээний цахим визийн зөвшөөрөл татгалзах эрсдэлтэй;
-БНСУ-д суралцах болон хөдөлмөрийн гэрээт ажилтнаар ажиллах оршин суух хугацаандаа зөрчил гаргаагүй байх;
-Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх;
-Өнгө ялгах чадвартай байх
-Хууль бусаар оршин суугч байгаагүй байх
- E-9, E-10 визээр БНСУ-д 5 жил буюу 60 сар, түүнээс дээш жил ажиллаагүй байх;
-Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэд юун дээр анхаарах хэрэгтэй вэ?
-Хэрвээ иргэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллах зорилго тавьсан бол өөрөө бэлтгэлээ маш сайн хангах шаардлагатай. Солонгос хэлний TOPIK I-II түвшинг хангах, мөн аливаа зүйлд тууштай байх, хувь хүний харилцаа хандлага, хариуцлага, сахилга бат маш чухал. Мөн цахим бүртгэлийн үйл явц илүү боловсронгуй, хялбар болсон. Тиймээс бүртгэлийн программ 24 цагт нээлттэй байх тул хэн нэг хүнд мэхлүүлэх, залилуулахгүй байх, залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна.
Эх сурвалж: itoim.mn
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.