Монгол Улсад сонин хэвлэл үүссэн түүх
“Шинэ толь” хэмээх бичиг сонин анхны дугаар хэвлэгдсэнээр Монгол улсад сэтгүүл зүй үүссэн хэмээн үздэг.
“Шинэ толь” хэмээх бичиг сонин нь Монгол Улсын Гадаад Явдлын Яам, Хаант Оросын Монгол дахь төлөөний газрын хооронд 1913 оны эхээр байгуулсан хэлэлцээний дагуу 1913 оны 3 дугаар сарын 6-нд анхны дугаар нь гарчээ. Сонин Оросоос Монголд суугаа төлөөний сайдын ивээлд гарч байсан нь хоёр талын эрх ашигт нийцэж байв. Монголын дэвшилт сэхээтнүүд Оросын хэвлэлийн баазыг ашиглан тогтмол хэвлэл гаргахыг зорьж байсан бол Оросууд уг хэвлэлд өөрийн бодлогыг шургуулах эрмэлзэлтэй байв.
Тус сонины эхний дөрвөн дугаар нь 23*15 см хэмжээтэй 50-60 хуудастай сэтгүүлийн маягаар, дараах 16 дугаар нь 34*26 см хэмжээтэй 6-10 нүүр бүхий сонины хэлбэрээр, нийт 20 дугаар гарсан юм. Нэг дугаар нь 500 хувиар гарч, Гадаад Монголын төрийн байгууллагуудад үнэгүй тараагдаж, хөдөлмөрчдөд сонин худалдах цэгээр дамжин тардаг байжээ.
Монголын сэтгүүл зүйн анхдагч болсон энэхүү сонины эрхлэгчээр их соён гэгээрүүлэгч Жамсрангийн Цэвээн ажиллаж байсан бөгөөд түүнийг Монголын сэтгүүл зүйн салбарыг үндэслэгч хэмээн түүхэн эх сурвалжууд үздэг юм байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.