Алексей Навальныйн эхнэр Владимир Путины эсрэг санал өгөхийг уриалжээ
Алексей Навальныйн эхнэр Юлия Навальная Оросын ард иргэдэд хандан энэ сард болох тус улсын төрийн тэргүүний сонгуулиар Ерөнхийлөгч Владимир Путинаас бусад улс төрчдийн аль нэгэнд саналаа өгөхийг уриалжээ.
Лхагва гарагт тэрбээр нийгмийн сүлжээнд оруулсан дүрс бичлэгтээ энэ сарын 15-17-ны хооронд болох сонгуулийн талаар ярьсан байна.
“Бид сонгуулийн өдрийг, бид оршин байгаа, бид олуулаа гэдгийг харуулахад ашиглах хэрэгтэй” гэж Юлия хэлсэн байна.
Мөн гуравдугаар сарын 17-ны 12:00 цагт санал авах байранд ирэхийг хүмүүст уриалаад “Та бүхэн Путинаас бусад нэр дэвшигчдийн хэнд нь ч саналаа өгч болно. Саналын хуудсыг сүйтгэж болно. "Навальный" гэж том үсгээр бичиж болно” гэжээ.
Энэ зуурт сонгуулийн өдөр ойртож байгаатай холбоотойгоор Кремль, Оросын Засгийн газрын эсрэг үйлдлүүд тархахаас болгоомжилж байгаа нь илэрхий байна гэж хэвлэлүүд мэдээлж байна.
Лхагва гарагт ОХУ-ын Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Бид манай сонгуулийн үйл ажиллагааг тасалдуулах гэсэн аливаа оролдлогыг дарах болно” гэж мэдэгдсэн байна.
Арктикийн нэг шоронд нас барсан Оросын сөрөг хүчний улстөрч агсан Алексей Навальныйг оршуулах ёслол өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Москва хотын өмнөд дүүргийн нэг сүмд болсон юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.