Х.Нямбаатар: Нийслэлд хийх бүх бүтээн байгуулалт түгжрэлийг бууруулахад чиглэнэ
“Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” чуулган үргэлжилж байна. Нийслэлийг бүсчилж хөгжүүлэх оновчтой шийдлүүдийг олж, зөв бодлогоор хэрэгжүүлэх, хэт төвлөрөл болон хот төлөвлөлтийн алдаа гажуудлаас үүдсэн олон бэрхшээлийг хэрхэн засаж өөрчлөх талаар төр, хувийн хэвшлийн болон олон улсын байгууллагуудын төлөөллүүд, эрдэмтэн, судлаачид ярилцаж байна.
Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар Хотын Захирагч Х.Нямбаатар чуулганы үеэр, “Улаанбаатар 1960 онд 145 мянган хүн амтай байсан. 1992 онд 600 мянга, өнөөдөр 1.7 сая хүн амтай болсон байна. Өрхийн эрүүл мэндийн төвүүдээр үйлчлүүлж байгаа иргэдийн 30 орчим хувь нь хаягийн бүртгэлгүй байгааг үндэслэж гаргасан тооцоогоор 200 мянга гаруй иргэн нийслэлд албан ёсны бүртгэлгүй амьдарч байгаа. 1976 оны Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөгөөр өнөөгийн нийслэлийн дэд бүтцийн суурь нь тавигдсан. Тухайн үед 85 мянган тээврийн хэрэгсэл зорчих зураглал бүхий автозамын сүлжээг хийж байсан. Өнөөдөр 730 мянган тээврийн хэрэгсэл нийслэлд бүртгэлтэй. Түгжрэл бол хүн амын өсөлтөөс шууд хамааралтай бэрхшээл гэж мэргэжлийн байгууллагууд үзэж байгаа.
Нэгэнт суурьшихаар ирсэн иргэдээ хөдөө орон нутаг руу нь буцаан нүүлгэх боломжгүй учраас бүсчлэлийн бодлогоор нийслэлээ хөгжүүлэхэд гол анхаарлаа хандуулах учиртай юм. Үүнээс хойш нийслэлд хийгдэх бүхий л бүтээн байгуулалт түгжрэлийг бууруулахад чиглэнэ.
Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгөөр тэлэлт, суурьшлын бүсийг тодорхой болгохыг зорьж байна. Нийслэлд бий болсон асуудлуудыг шийдэх гол хөшүүрэг бол хууль, эрх зүйн орчин. Тиймээс Улаанбаатарыг бүсчлэн хөгжүүлж, засаг захиргааны нэгжийг шинэчилснээр хороод асуудлаа шийдэх боломж нэмэгдэнэ.
Төрийн үйлчилгээний хүртээмж ч сайжирна. Хотын төвлөрлийг задлахын тулд 21 аймагтайгаа уялдаатай бодлого явуулж, хамтран шийдвэрлэх хэрэгтэй” гэв.
Өнөөдрийн байдлаар нийслэл 204 хороотой, үүний 189 нь төвийн зургаан дүүрэгт, 15 нь захын гурван дүүрэгт байдаг. Хороодын хүн амын тооны зөрүүнээс шалтгаалж, зарим хорооны иргэд төрийн үйлчилгээг шуурхай авч чадахгүйд хүрсэн учир нийслэлийн есөн дүүргийг 42 нэгжид хуваахаар төлөвлөж байгаа юм. Ингэснээр иргэд төрийн үйлчилгээг 15-20 минутад бүрэн авах боломжтой болж, эрүүл мэнд, улсын бүртгэлийн үйлчилгээний чанар, хүртээмж сайжрах, газар олголтын явц жигдрэх, гэмт хэрэг зөрчлийн тоо буурах зэрэг нааштай өөрчлөлт гарна гэж үзэж байгаа юм байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.