Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа

Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа

НИТХ-ын хуралдаанаар хэлэлцсэн асуудлын нэг нь Төв цэнгэлдэх хүрээлэнтэй холбоотой байв. “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн талаар Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг танилцууллаа. 1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид шилжүүлсэн.

Харин 2004 онд нийслэлийн хувь эзэмшлийг 49, иргэн Т.Нямдаваагийн эзэмших хувийг 51 болгох шийдвэрийг НИТХ-аас бус “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн ТУЗ-өөр шийджээ. Улмаар 2007 онд компанийн дүрэмд бус Т.Нямдаваагийн хүсэлтэд үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий газар тус компанийг 100 хувь Т.Нямдаваагийн эзэмшил болгон бүртгэжээ. Төв цэнгэлдэх хүрээлэн нь анх спортын зориулалтаар олгосон 38.6 га талбайтай байсан ч өнөөдөр 12.6 га газар эзэмшилд нь үлдээд буй. Тодруулбал, нийслэлийн үе үеийн Засаг дарга нар болон Төв цэнгэлдэх хүрээлэнгийн удирдлагууд 2005 оноос хойш ойр орчмын нь газрыг бусдад эзэмшүүлж, 29 аж ахуйн нэгжид олгосон байна.

Түүнчлэн 2008 оноос хойш нийслэлээс 4.6 тэрбум төгрөг зарцуулан тус хүрээлэнд тохижилт, урсгал засвар хийсэн ч энэ хугацаанд 49 хувийг эзэмшиж буй нийслэлд зөвхөн 32.7 сая төгрөгийн ногдол ашиг хуваарилжээ. Улмаар уг өмчийн маргааны асуудлыг шалгуулахаар нийслэлийн зүгээс Авлигатай тэмцэх газарт хандсан юм. Иймд цаашид “Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн газрыг тусгай хэрэгцээнд авч, олон нийтийн оролцоотой компани болгож өөрчлөн зохион байгуулах шаардлагатай байгаа тул тус хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авах, хувьцаа эзэмшигчдийн хуралд НИТХ-ыг төлөөлж хэлцэл хийх асуудлыг ийнхүү НИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлсэн юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, “Нийслэлийн өмчийг хууль бусаар ашиглаж буйг зогсоож, буцаан авна. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчимд нэгэнт баригдсан барилгыг шууд буулгах эрх Нийслэлийн Засаг дарга болон НИТХ-д байхгүй учраас хуулийн байгууллагаар шийдвэрлүүлнэ. Энэ онд Төв цэнгэлдэх хүрээлэнд засвар шинэчлэл, тохижилт хийж, зочдын суудлын тоог нэмэн, зүлгийг сайжруулж, индрийн хэсгийг өөрчилнө. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд ус их тогтдог тул усны хаялга хийх зураг төсвийг боловсруулж, барилгын ажлыг эхлүүлсэн. Мөн Үндэсний их баяр наадмаар гарах худалдаа үйлчилгээнд стандарт тогтооно” хэмээв.

Харин Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг, “Төв цэнгэлдэх хүрээлэнгийн бүртгэл, газар олголтыг Авлигатай тэмцэх газарт шалгуулж байгаа. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаж, лавлагаа авахаар ажиллаж байна. Хүрээлэнгийн орчимд барьж буй барилгын ажлыг Нийслэлийн Засаг даргын захирамжаар зогсоосон. “Төв цэнгэлдэх хүрээлэн” компанийн 51 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй Т.Нямдаваа нь 2023 оны долдугаар сарын 31-ний өдөр нас барсан бөгөөд түүний хууль ёсны өв залгамжлагчид 2024 оны гуравдугаар сарын 28-ны өдөр өвөөсөө татгалзах хүсэлтээ ирүүлж, зөвшилцөх боломжтой гэдгээ илэрхийлсэн” гэсэн юм.

Ийнхүү “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн хувийн өмчийн хувьцааны хууль ёсны өвлөгчид өвлөх эрхээсээ татгалзах хүсэлт гаргасныг үндэслэн өр төлбөрт суутган тооцох хэлцэл хийж, орон нутгийн өмчид 100 хувь шилжүүлэх буюу “Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг редакцын засвартайгаар баталлаа.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Наадмын нээлт, хаалтын ёслолыг Ц.Батнайрамдал найруулна 2024-04-18

Нийслэлийн цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө. 2024-04-18

Төв цэнгэлдэх хүрээлэнг нийслэл өмчлөлдөө бүрэн авах асуудлыг хэлэлцэж байна. 2024-04-18

Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ 2024-04-18

БНСУ-ын  Хааны их сургууль хамтын ажиллагааны 6 талт санамж бичиг байгууллаа. 2024-04-18

Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа 2024-04-18

Монголд аялахаар ирсэн гадаадын иргэд зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулахгүй байхыг зөвлөв 2024-04-18

Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ 2024-04-18

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, С.Одонтуяа, Ц.Туваан нар Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ 2024-04-20

Малчны тухай болон Малчны тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэв 2024-04-20

“Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон медаль хүртээв 2024-04-20