С.Зориг агсны амь насаа алдсан хэргийн газраас олдсон үсний ДНК шинжилгээний хариу иржээ
Цагдаагийн байгууллагаас эрүүгийн 830142 дугаартай С.Зориг бусдад алагдсан хэргийн талаарх мөрдөн шалгах ажиллагааны шинжилгээний талаар мэдээллийг өглөө.
ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Энхтөр: Эрүүгийн 830142 дугаартай С.Зориг бусдад хутгалуулж нас барсан хэрэгт ТЕГ, ЦЕГ-ын дарга нарын хамтарсан ажлын хэсэг байгуулагдах тухай тушаал гарсан. Ажлын хэсгээс мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Цагдаагийн байгууллагаас 1998 оны аравдугаар сарын 3-ны өдөр хэрэгт хураагдсан эд мөрийн баримтуудад АНУ-ын ДНК шинжилгээний байгууллагын дэвшилтэт технологийг ашиглан, энэ онд шинжилгээ хийлгэж эд мөрийн баримтуудад ДНК-ийн шинжилгээг тогтоосон. Хэрэгт 26 жилийн турш тасралтгүй мөрдөн шалгах ажиллагаа явуулсан боловч анх удаа энэхүү ДНК-ийн шинжилгээг шинээр тогтоолгож байгаа нь шинжлэх ухаан техник технологийн дэвшилтэт нөхцлийг ашиглан хэрэгт шинжлэх ухаанчаар хандах байдлыг олгох нөхцөл боломжийг хангах ач холбогдолтой нотлох баримт гэж үзэж байна.
Энэхүү ДНК мэдээлэл нь урьд энэ хэрэгт холбогдуулан шалгаж байсан бусад хүмүүсийн ДНК мэдээлэлтэй тохироогүй. Энэхүү ДНК мэдээлэл нь хэний ДНК мэдээлэл болохыг тогтоох чиглэлээр хамтарсан ажлын хэсгээс мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.