БНСУ-ын Ерөнхийлөгчийн оффисын хашаанд хогтой уут бүхий агаарын бөмбөлөг унажээ.
Умард Солонгосоос илгээсэн хогтой уут бүхий агаарын бөмбөлөг БНСУ-ын Ерөнхийлөгчийн оффисын хашаанд лхагва гарагт унасан боловч ямар нэгэн аюултай зүйл илрээгүй гэж Ерөнхийлөгчийн хамгаалалтын албанаас /ЕХА/ мэдэгджээ.
Умардын талаас лхагва гаргийн өглөө илгээсэн агаарын бөмбөлгүүдийг шалгах үеэр ерөнхийлөгчийн оффисын хашаанд унасан хогийг олж илрүүлсэн тухай ЕХА мэдээлсэн байна.
Өмнөд Солонгосын идэвхтнүүдийн хил дамнуулан илгээж буй Пёньяны эсрэг суртал ухуулгын хуудсуудын хариуд Умард Солонгосын тал энэ оны тавдугаар сараас хойш хог дүүжилсэн олон мянган агаарын бөмбөлгийг Өмнөд Солонгос руу илгээжээ.
“Хими, биологи, радиологийн хариу арга хэмжээний багийнхны хийсэн шалгалтаар бөмбөлгүүд ямар нэгэн аюул, бохирдолгүй болохыг тогтоосон тул тэдгээрийг гаргаж хаясан” гэж ЕХА-ны мэдэгдэлд дурджээ. Мөн Штабуудын дарга нарын нэгдсэн хороотой хамтран үргэлжлүүлэн хяналт тавьж байна гэв.
Ерөнхийлөгчийн ажлын албанаас мэдээлснээр, уг агаарын бөмбөлгийг унахаас нь өмнө ажиглалтын төхөөрөмжөөр цаг алдалгүй илрүүлсэн боловч түүнд юу агуулагдаж байгааг мэдэхгүй тул агаарт байхад нь устгахад хүндрэлтэй байжээ.
Агаарын бөмбөлгүүдэд байгаа зүйлс тархаж, хохирол учруулж болзошгүй хэмээн болгоомжилж байгаа тул цэргийнхэн тэдгээрийг буудаж унагахгүй байгаа юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.