Иргэд Чех Улсад ажилласан хугацаандаа төлсөн шимтгэлдээ ногдох тэтгэвэр тогтоолгох боломжтой болно

Иргэд Чех Улсад ажилласан хугацаандаа төлсөн шимтгэлдээ ногдох тэтгэвэр тогтоолгох боломжтой болно

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өнөөдөр (2020.04.07) УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Өнгөрөгч оны судалгаагаар Бүгд Найрамдах Чех Улсад 8813 монгол иргэн ажиллаж, сурч байна. Тус улсын Дотоод хэргийн яамны мэдээллээр нийт оршин сууж буй монгол иргэдийн 65 орчим хувь нь 5-25 жил амьдарч, оршин суух эрхээ авчээ.

Монгол Улсын иргэн тус улсад оршин суух хугацаандаа богино хугацааны нийгмийн даатгалд хамрагдаж, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой тэтгэмж, эрүүл мэндийн эмчилгээ, үйлчилгээг авах эрхтэй байдаг. Харин урт хугацааны даатгал буюу тэтгэврийн даатгалд хамрагдаж, нутаг буцах үедээ төлсөн шимтгэлээ буцаан авах, эсхүл тэтгэврийн насанд хүрсэн үедээ төлсөн шимтгэлдээ ногдох тэтгэвэр тогтоолгох, Бүгд Найрамдах Чех Улсад ажилласан хугацаагаа даатгуулсан хугацаанд тооцуулах зэрэг эрх зүйн зохицуулалт байдаггүй.

Иймд уг хэлэлцээрийг соёрхон баталснаар иргэдийн нийгмийн баталгаа сайжирч, тус улсад ажилласан хугацааг нэгтгэн тооцож, Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улсаас өндөр насны тэтгэврийг тогтоолгон авах боломж бүрдэх юм.  

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.