“Телеграм залилан”-тай холбоотой нийт 619 гэмт хэрэг бүртгэгджээ

“Телеграм залилан”-тай холбоотой нийт 619 гэмт хэрэг бүртгэгджээ

Манай улсад сүүлийн 4 сарын байдлаар “Телеграм залилан”-тай холбоотой нийт 619 гэмт хэрэг бүртгэгдэж, иргэдэд 10,3 тэрбум төгрөгийн мөнгөн хохирол учирсан байна.

Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр Цагдаагийн Ерөнхий газар нь холбогдох байгууллагуудтай хамтран шат дараалсан ажил, арга хэмжээг зохион байгуулж байна. Үүний хүрээнд "Телеграм" платформ ашиглан үйлдэгдэж буй залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр өнөөдөр /2024.11.04/ мэдээлэл хийлээ.  

Тус хэвлэлийн хуралд Цагдаагийн Ерөнхий газар, Монгол банк, Монгол улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Харилцаа холбооны зохицуулах хороо, Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төвийн төлөөлөл тус тус оролцож энэ төрлийн залилах гэмт хэргийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга замыг тодорхойллоо.

“Телеграм” орчин дахь залилан нь даалгавар биелүүлснээр мөнгөө нэмэгдүүлэх боломжтой хэмээн иргэдийг төөрөгдүүлэн үйлдэгддэг. Иймд уг залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд та бүхэн шаардлагагүй тохиолдолд “Телеграм аппликейшн”-ийг гар утаснаасаа устгах, хамгаалалтын тохиргоо хийх, ямар ч тохиолдолд урьдчилгаа мөнгө шилжүүлэхгүй байх, интернэт банкаа бусдад ашиглуулахгүй байх, Телеграм группт элсэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна. 

Түүнчлэн цахим гэмт хэргийн хохирогч болсон тохиолдолд Цагдаагийн байгууллагын “102” болон “51-265666” тусгай дугаарын утас, “Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс” нүүр номын пейж хуудаст яаралтай мэдэгдэнэ үү. Кибер гэмт хэрэгтэй тэмцэх шуурхай ажиллагааны хэлтэс нь 7 хоногийн 24 цаг тасралтгүй иргэдийн дуудлага мэдээллийг хүлээн авч байна гэж ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвөөс мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.