Т.Мөнхсайхан: Эмнэлгүүд үр ашиггүй, шаардлагагүй шинжилгээ их хийж байна
УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өчигдөр Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ажиллаж сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Эмийг жороор олгоно гэх шийдвэр гарсан аравдугаар сарын 1-25-ны хооронд 11-11- төвд эмнэлгийн үйлчилгээ, жортой холбоотой 759 гомдол иржээ. Үүнээс 52.4 хувь нь эмнэлгийн тусламж, үйлчилгээ, 37.4 хувь нь жортой холбоотой байв.
БИТҮҮМЖИЙГ ЦУЦЛАХ АЖЛЫГ ХИЙЖ БАЙНА
Тухайн иргэн аль нэг эмнэлгээс тусламж, үйлчилгээ авч үйлчлүүлсэн бол битүүмж үүсэж, тодорхой хугацааны дараа хязгаарлалтаас гардаг системийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас нэвтрүүлсэн нь иргэдэд хүндрэл чирэгдэлтэй байгаа тул цуцлахаар болжээ. Уг битүүмж тухайн эмнэлгээс үйлчилгээгээ бүрэн авч дууссаны дараа хаагдаж, өөр эмнэлэгт үзүүлэх боломж нээгддэг байв.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан энэ талаар хэлэхдээ "Эмнэлгүүд үр ашиггүй, шаардлагагүй шинжилгээ их хийлгэдэг. Ингэснээр эмнэлгүүдийн санхүүжилт нэмэгдэж, ЭМДС-гийн зардал үрэлгэн болох тохиолдол гардаг байсан. Тийм учраас өмнөх Засгийн газрын үед цогц шинжилгээ хийх битүүмж гэдэг зүйлийг хийж, хэрэгжүүлсэн байдаг. Энэ нь ард иргэдэд маш их хүндрэл, чирэгдэл үүсгэдэг болсон. Ялангуяа орон нутгийн иргэдэд хүндрэл учруулж байсан учраас тогтолцоог нь өөрчилсөн. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөр энэ асуудлыг хэлэлцэн, битүүмжийг өөр байдлаар шийдвэрлэхээр болж байна. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс шийдвэр гарч, битүүмжийн асуудлыг цуцлах ажлыг хийж байна" гэлээ.
КОДОО ХЭЛЭХЭД АВАХ ЁСТОЙ ЭМҮҮД НЬ ЖАГСААЛТААР ГАРЧ ИРНЭ
Эмнэлэгт үзүүлж эм авахад тухайн өвчтөнд код өгнө. Аль ч эмийн санд очоод кодоо хэлэхэд авах ёстой эмүүд нь жагсаалтаар гарч ирнэ. Эрүүл мэндийн байгууллагууд бүгд шахам цахимаар холбогдсон. Программ хангамж ашиглаж байгаа эмнэлгүүд жорын цонхтой. Ямар нэг хүндрэл үүсэхгүй. Аль ч эмийг бүх эмийн сангаас авдаг тогтолцоонд шилжүүлэхээр ажил авсан цагаасаа хичээж, эхний үр дүн гарч байна. Иргэд эмчээс цахимаар жор бичүүлэхийг шаардаж болно. Хэрэв эмч цахимаар жор бичихгүй бол 119 дугаарт гомдлыг хүлээн авч шийдэж өгнө. Авах эм нь жортой, жоргүйг мэдэхгүй бол 119 дугаарт холбогдон лавлаж болно.
ДАРАЛТНЫ ЭМИЙГ ЖОРГҮЙ АВАХ НЬ ЭРСДЭЛ УЧРУУЛДАГ
Ихэнх эмийг зөвхөн жороор олгож буй нь иргэдэд хүндрэл учруулж буйг олон хүн хэлдэг. Даралт ихэссэн үед яаралтай эм авч уух гэхэд жороор олгоно гэж буй нь амь насанд ч аюул учруулж байна гэх гомдол гарах болсон. Т.Мөнхсайхан сайд хэлэхдээ “Даралтны эмийг жоргүй олговол бүр их асуудал үүснэ. Тухайн эм нь үйлчлэхээ больчихсон байхад хэрэглэсээр байгаад харвах, амь нас эрсдэх тохиолдол гардаг. Ууж байсан эм нь таарахаа болиод даралтыг хэт бууруулах, зүрх, судасны системийн өөрчлөлтөд оруулах тохиолдол бий. Үүнээс сэргийлж, тухайн хүний амь насыг хамгаалах үүднээс жортой олгож байгаа юм. Уудаг эм нь нөлөөлөхөө больсон, солих шаардлагатай, тунг нэмэх хэрэгтэй байтал дураараа хуучин эмээ уусаар байгаад хүндэрсэн тохиолдол эмнэлгүүдээр дүүрэн байна. Иргэд харьцангуй жороор эм авч хэрэглэж сурч байна. Эмчид үзүүлж, тохирсон тунгаар нь зөв эмээ авч хэрэглэж эхэлж байна” гэлээ.
ЧАНАРТАЙ ЭМИЙГ ХЯМД БОРЛУУЛАХ ТОГТОЛЦОО БҮРДСЭН
Т.Мөнхсайхан сайдын хэлснээр гадаадын эмийн үйлдвэрүүдтэй хэлцэл хийж, чанартай эмийг улс даяар хямд, ижил үнээр борлуулах тогтолцоог бүрдүүлэх ажил хэрэгжиж эхэлжээ. Энэ сард эхний 20 төрлийн эм орж ирж иргэдийн гарт хүрэх аж. Монголд чанаргүй эм өндөр үнээр зарагдаж байна гэх асуудал бий. Үүнд хоёр төрлийн шийдэл байна. Үүнд, улсын эмийн лабораторийн хүчин чадлыг сайжруулж, хүртээмжийг нэмэх, үүн дээр хувийн эмийн томоохон лабораториудад шинжилгээ хийх боломжийг нэмнэ гэв. Ирэх 2025 онд олон улсын стандарт, шаардлага хангасан эмийн лаборатори ашиглалтад орох ажээ.
ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ ТӨВИЙГ 2025 ОНД БАРЬЖ ЭХЭЛНЭ
Эрүүл мэндийн даатгалын санд төвлөрөх ёстой мөнгө 2021 оноос хойш гүйцэд төвлөрөөгүй. Цар тахлын үед зарцуулсан тэр их санхүүжилт ЭМДС-д төвлөрөөгүйгээс үүдэн гурван жилийн хугацаанд 218 тэрбум төгрөгийн алдагдалд орсон. Энэ оны эхний улиралд зардал их гарсан учраас 2024 оны 11, 12 дугаар сард зарцуулах ёстой мөнгөө оны эх рүү татсан. Тиймээс ЭМДС-гийн санхүүжилт оны сүүлчээр хүндхэн байдалтай байна. Гэхдээ ямар нэгэн байдлаар эрүүл мэндийн байгууллагуудад цалин мөнгө, урамшууллыг олгож чадахааргүй хэмжээнд хүрээгүй. Зарим нэг эмнэлгийн байгууллагуудад эм, эмнэлгийн хэрэгслийн өрийн асуудал бий. Эдгээрийг 2025 онд шийдэх түвшинд улсын төсөв батлагдсан. Өнгөрсөн хугацаанд төвлөрсөн 218 тэрбум төгрөгийн авлагыг 2025 оны төсөвт тусгасан.
Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төв бол үндэсний хэмжээнд зайлшгүй байх ёстой. Энэ төвийн зураг төсвийг хийж, баталсан, барилгын ажлыг эхлүүлсэн. Зүрх судасны үндэсний төвийг 2025 онд барьж эхэлнэ. Зураг төсөл, ТЭЗҮ-г нь баталсан учраас ирэх онд Азийн хөгжлийн банкны санхүүжилт болон Люксембургийн Их гүнт улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар барина.
"Хавдар судлалын үндэсний төв-2" эмнэлгийг барих зураг төслийг нь хийхээр "Бодь" компани шалгараад байна. Шинэ эмнэлгийн зураг төсөлд зориулж Эдийн засаг, хөгжлийн яаман дээр гурван тэрбум төгрөгийг төсөвлөсөн гэв.
Эх сурвал https://news.zindaa.mn/4yuk
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.