Цахилгаан эрчим хүчний үнэ тарифыг шинэчиллээ

Цахилгаан эрчим хүчний үнэ тарифыг шинэчиллээ

Эрчим хүчний зохицуулах хорооноос хэрэглэгчийн цахилгааны тарифыг өнөөдрөөс, дулааны тарифыг маргаашаас нэмэхээр болж байна.

Энэ талаар Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээлэл хийв. Цахилгааны дундаж тариф нэг кВт.ц тутамд 216 төгрөг байсныг 280 төгрөг болгожээ. Цахилгааны тарифын шинэчлэлийн хүрээнд өрхүүд эрчим хүчний хэрэглээгээ хянах, хэмнэх сонирхлыг төрүүлэхийн зэрэгцээ өрхөд очих төлбөрийн ачааллыг бага байлгахаар өөрчлөлт оруулсныг тайлбарлалаа.
Хэрэглээнээс хамаарсан гурван шатлалтай тарифыг нэвтрүүлсэн.

Өрхийн дундаж тариф өмнө нь 140 төгрөг байсан бол шинэчилсэн тарифаар тухайн сарын эхний 150 кВт.ц хүртэл хэрэглээг 175 төгрөгөөр, дараагийн 150-300 кВт.ц-ийн хооронд байгаа хэрэглээг 256 төгрөгөөр, 300 кВт.ц-аас илүү гарсан хэрэглээг 285 төгрөгөөр тус тус тооцохоор болов.

Өөрөөр хэлбэл, иргэд эрчим хүчийг хэмнэлттэй, хэрэглээндээ тохируулж хэрэглэвэл бага үнээр тооцогдож, бага төлбөр төлнө. Ингэснээр айлуудын цахилгааны хэрэглээний нэг кВт.ц тутамд 35-131 төгрөгийн өөрчлөлт орох аж.

Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э.Түвшинчулуун ярихдаа, “Сүүлийн үед эрчим хүчний салбарт үүсээд байгаа асуудлууд олны анхаарлыг татаж байна. Эрчим хүчний салбар алдагдалтай ажиллаж байгааг албаныхан мэдээлсээр байгаа. Тухайлбал, цахилгаан, дулаанаа үйлдвэрлэсэн өртгөөс нь доогуур борлуулж байгаагаас Эрчим хүчний салбар алдагдалд орсон. Энэ хэвээр үргэлжилбэл хэвийн үйл ажиллагаа доголдоно. Тиймээс үнийг нэмэх шаардлага тулгарсан. Үнийг нэмэхдээ хоёр зүйлийг голчлон баримталлаа. Цахилгаан дулааны үнийг өөрийнх өртөгт хүргэхээр төлөвлөсөн. Мөн хэрэглэгчдэд ачаалал бага байх хувилбарыг баримталж байна” гэв.

Манай улсын 788 мянган ахуйн хэрэглэгчийн 45 хувь нь 150 кВт.ц хүртэл, 40 хувь нь 150-300 кВтц, 15 хувь нь 300 кВт.ц-аас дээш цахилгааныг хэрэглэдэг гэсэн судалгаа байна.

Одоо мөрдөж байгаа цахилгааны өдөр, шөнийн цагийн хоёр тариф дээр оройн “Оргил ачааллын цагийн тариф”-ыг шинээр нэвтрүүлж байна. Хэрэглэгч айл өрх энэхүү цагийн ялгаварт гурван тарифыг сонгосон тохиолдолд шөнийн цагийн тарифт өөрчлөлт оруулахгүй хэвээр мөрдөх аж.  

Гэр хорооллын айл өрхийн халаалтын улирлын цахилгааны шөнийн хөнгөлөлт хэвээрээ үргэлжилнэ. Үүнээс гадна нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн тарифт өөрчлөлт оруулахгүй хэвээр мөрдөх юм байна. Харин аж ахуйн нэгж, байгууллагын цахилгааны тарифыг дунджаар 30 хувиар өөрчилсөн. Улсын хэмжээнд айл өрхийн цахилгааны сарын дундаж хэрэглээ 220 кВт.ц байдаг бөгөөд сарын цахилгааны төлбөр 36,220 төгрөг байсан. Тэгвэл энэ дунджаар 52 мянга төгрөг болон өөрчлөгдөж байгаа юм.

Манай улс айл өрхийн цахилгаан, дулааны тарифт 2019 оноос хойш таван жилийн хугацаанд өөрчлөлт оруулаагүй. Тиймээс тарифт шинэчлэл хийж, зах зээлийн зарчимд нийцүүлж эхэлснээр эрчим хүчний салбарын санхүү, эдийн засгийн бие даасан байдал хангагдах боломж бүрдсэннийг Эрчим хүчний зохицуулах хорооныхон онцоллоо. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.