НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гуттерес уриалга гаргалаа

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гуттерес уриалга гаргалаа

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гуттерес өчигдөр дэлхийн улс орнуудад хандан охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс сэргийлэх, таслан зогсоохыг "COVID-19" цар тахлын эсрэг авах арга хэмжээнийхээ цөм болгохыг уриалав.

Тэрбээр "COVID-19" тахал нь дэлхий даяар үнэлж баршгүй зовлон зүдүүр, эдийн засгийн сүйрэлд хүргэж байна гээд хүчирхийлэл нь байлдааны талбараар хязгаарлагдахгүй бөгөөд олон олон охид, эмэгтэйчүүдийн хувьд хамгийн аюулгүй байх ёстой гэр бүлийн орчинд түгээмэл тохиолдож байна гэжээ. "COVID-19" цар тахлын эсрэг авч буй хорио цээрийн арга хэмжээ нь зайлшгүй шаардлагатай хэдий ч харамсалтай нь охид, эмэгтэйчүүдийг хүчирхийлэгчдийн “хавх”-анд оруулж байна. Өнгөрсөн хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн тоо дэлхий дахинаа нэмэгдэж, зарим улс оронд тусламж үйлчилгээ хүссэн эмэгтэйчүүдийн тоо хоёр дахин нэмэгдсэн гэжээ.

Иймд гишүүн орнуудыг "COVID-19" цар тахлын эсрэг авах хариу арга хэмжээний төлөвлөгөөнд гэр бүлийн хүчирхийллээс сэргийлэх, таслан зогсоох арга хэмжээг тусган хэрэгжүүлэх, тэр дундаа цахим үйлчилгээ болон иргэний нийгмийн байгууллагуудад хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, шүүхийн систем хүчирхийлэл үйлдэгсдийг үргэлжлүүлэн яллаж байгаа эсэхийг анхаарч байх, эмийн сан, хүнсний дэлгүүрт яаралтай сэрэмжлүүлгийн систем суурилуулах, түр орогнох, хамгаалах байруудыг “зайшгүй үйлчилгээ” гэж зарлах, эмэгтэйчүүдэд хүчирхийлэгчдэд мэдэгдэлгүй тусламж эрэх аюулгүй арга замыг бий болгох, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл үйлдэн ял эдэлж буй хоригдлуудыг суллахаас зайлсхийх, олон нийтэд таниулах сурталчилгаа хийх, ялангуяа эрэгтэйчүүд, хөвгүүдэд чиглэсэн сурталчилгааны ажлыг өрнүүлэхийг уриалжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.