БНХАУ-тай аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлнэ
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин БНХАУ-ын Соёл, аялал жуулчлалын сайд Сүн Елитэй уулзаж, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, 2025 онд Монгол Улсыг БНХАУ аялал жуулчлалын томоохон үзэсгэлэнд онцлох улсаар тодруулан оролцуулахаар боллоо.
Тухайлбал, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх, Хятадын алдартай нөлөөлөгчдийг Монгол Улсад аялахыг урих, БНХАУ-д зохион байгуулдаг аялал жуулчлалын “China International Travel Mart”, “China Outbound Travel & Tourism Market” үзэсгэлэнд Монгол Улсыг албан ёсны түнш улсаар оролцож, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлахаар болов.
Мөн соёлын салбарын хамтын ажиллагааны хүрээнд талууд хамтарсан үзэсгэлэн зохион байгуулах, соёлын өвийг хамгаалах чиглэлээр 2011 онд байгуулсан “Соёлын өвийг хууль бусаар хил давуулах, түүх, соёлын дурсгалт зүйлсийг хулгайд алдах явдлаас сэргийлэх тухай” хэлэлцээрийн хэрэгжилтийг хангаж, соёлын өвийн эсрэг үйлдэж буй гэмт хэргийн эсрэг хамтран ажиллахаар тохиролцлоо. Түүнчлэн Дэлхийн өвийг хамгаалах хамтын ажиллагааг эрчимжүүлж, “Цайны зам”-ын дагуух соёлын өвийг Монгол, ОХУ, БНХАУ-ын нэр дээр бүртгүүлэх чиглэлд хамтран ажиллахаар болов.
Уулзалтаар ССАЖЗ-ын сайд Ч.Номин Үндэсний урлагийн их театрын барилгын бүтээн байгуулалтын ажил амжилттай урагшилж буйг дурдаад, БНХАУ-ын үзүүлж буй дэмжлэгт талархал илэрхийллээ гэж ССАЖЗЯ мэдээлэв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.