“Мета” компани баримт нягтлах системээ хумихаар болжээ

“Мета” компани баримт нягтлах системээ хумихаар болжээ

АНУ-д Дональд Трампын засаг захиргаа тогтож байгаатай холбоотойгоор технологийн “МЕТА” компанийн зүгээс бодлогын өөрчлөлт хийж, баримтыг нягталж шалгадаг журмаа эргэн харж байна. Энэ хүрээнд эхний ээлжид АНУ-ын хэмжээнд баримтын үнэн зөвийг нягтлах ажлыг хөндлөнгийн шинжээчдийн оролцоотой шийдвэрлэдгийг болиулж, “хэрэглэгчдийн санал шүүмж”-ийн мөрөөр нягтлах горимыг нэвтрүүлж байна. Энэ нь Элон Маскийн “Икс” нийгмийн сүлжээнийхтэй ижил төстэй горимд шилжиж байна гэсэн үг юм байна.

Энэ өөрчлөлт нь дэлхий даяар 3 тэрбум гаруй хэрэглэгчтэй МЕТА-гийн медиа платформууд болох Facebook, Instagram, Threads гуравт 3-ууланд мөрдөгдөх юм байна. Энэ хүрээнд үзэн ядалтад турхирсан болон дүрмээс гажсан бусад тохиолдлыг идэвхтэй шалгахыг зогсоож, зөвхөн хэрэглэгчдийн гомдол шүүмжийн мөрөөр шалгах болж байна. Терроризм, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, луйвар, хар тамхи зэрэг илүү онц ноцтой зөрчил бүхий агуулгуудыг системээс устгахад автомат систем нь илүү төвлөрнө гэдгийг Цукерберг дурджээ.

Фейсбүүкийн сайтад нийтэлсэн видео мэдэгдэлдээ Мета-гийн ерөнхий захирал энэ алхмаа “үг хэлэх эрх чөлөөтэй холбоотой компанийнхаа уг үндэс”-ийг эргүүлэн сэргээж байгаа хэрэг” гэж онцолсон байна. Энэ хүрээнд цагаачлал, жендерийн тэгш байдал зэрэг АНУ-д хамгийн их маргаан дагуулдаг сэдвүүдээр хэлэлцүүлэг мэтгэлцээн өрнүүлэхийг хязгаарлаж, баримтыг шүүн нягталдаг байсан тогтолцоогоо өчигдрөөс халжээ. Дональд Трамп засаг захиргаа албанд орох гэж байгаа үед Мета, бүгд найрамдахчуудын зүгээс ихээхэн хурц шүүмжлэл дагуулдаг тогтолцоогоо багасгаж байна. Цукерберг улмаар америкийн сүүлийн сонгуулийг “үг хэлэх эрх чөлөөг чухалчлах хандлага руу соёлын эргэлт гаргасан” гэж дүгнэжээ.

Бас олон нийтийн медиа платформуудыг дарамтлахыг оролддог улс орнуудад шахалт үзүүлэх тал дээр МЕТА Трамптай хамтарч ажиллах болно гэж мэдэгдсэн байна. Тухайлбал, ямарваа шинэлэг зүйл хийж бүтээхэд бэрхшээлтэй болгосон Европын олон тооны хууль журмыг тэрээр дурдсан байна.Өнгөрсөн онд батлагдсан Европын тоон үйлчилгээний тухай хуулиар, ФБ, Инст зэрэг технологийн том компаниудыг сүлжээн дэх хууль бус агуулгуудтай тэмцэх, худал мэдээлэл болон сонгуулийн үеийн мэхлэн төөрөгдүүлэх мэдээллүүдийг хязгаарлахыг үүрэгддэг. Үүний зэрэгцээ Элон Маскийн “Икс” нийгмийн сүлжээнд үйлчилдэг хэрэглэгчдийн гомдол шүүмжийн тогтолцоо худал болон бусад зүй бус агуулгын эсрэг зохих ёсоор тэмцдэггүй гэдэг шүүмжлэлд их өртдөг.

Икс сүлжээнд нийтлэгдсэн үнэн зөв залруулга мэдээллээс дөрөвний гурав орчим нь нийт хэрэглэгчдэд хүртээмжтэй байдлаар харагддаггүй. Эсрэгээрээ төөрөгдүүлсэн агуулгатай мэдээллүүд, араас нь хийгдсэн залруулга мэдээллүүдээс хамаагүй их үзэлт хандалттай байдаг гэдгийг Сошиал үзэн ядалттай тэмцэх төв нэртэй Британи-Америкийн ТББ-ын өнгөрсөн жилийн тайланд онцолсон байжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.