“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг энэ оны хоёр, дөрөвдүгээр сард олгоно

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны арванхоёрдугаар сарын 20-ны 225 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааны үр дүнгийн жилийн эцсийн гүйцэтгэлд үндэслэн, цэвэр ашгийн дүнг тооцож иргэдэд ногдол ашиг хуваарилахыг даалгасан.
Тус компанийн ТУЗ-ийн тогтоолоор 1072 хувьцаатай нэг иргэнд 350 мянган төгрөгийн ногдол ашиг олгох тооцоо гарч, гурав хувааж олгохоор шийдвэрлэн, арванхоёрдугаар сард 130 мянган төгрөг олгосон. Үлдсэн ногдол ашгийг энэ сарын 28 болон ирэх дөрөвдүгээр сард тэнцүү хувааж олгохоор болжээ.
УИХ-ын 2024 оны аравдугаар тогтоол, Засгийн газрын 2024 оны 45 дугаар тогтоолд 2012 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрөөс 2023 оны арванхоёр дугаар сарын 31-ний өдрийн хооронд шинээр төрсөн, Монгол Улсын харьяатад орсон иргэн бүрд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааг төрийн эзэмшлийн хувьцаанаас үнэ төлбөргүй эзэмших шийдвэр гарснаар компанийн 26,4 хувийг Монгол Улсын иргэд, үндэсний аж ахуйн нэгжүүд 0,06 хувийг, “Эрдэнэс Монгол” ХХК 73,5 хувийг эзэмшиж байна гэж ЗГХМОНХГ-аас мэдээллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.