БНСУ-ын “Samsung”-ийн гүйцэтгэх захирал Хан Жон Хи таалал төгсжээ

Өмнөд Солонгосын “Samsung Electronics” компанийн гүйцэтгэх захирлуудын нэг Хан Жон Хи өнөөдөр зүрхний шигдээсээр нас барсан тухай тус компани мэдэгджээ.
Хан Жон Хи 1988 оноос хойш “Samsung” компанид ажиллаж байсан бөгөөд телевизийн үйлдвэрээс мэргэжлийн замналаа эхлүүлсэн байна. Тэрбээр “Samsung” зурагтыг дэлхийн зах зээлд гаргахад гол үүрэг гүйцэтгэснийг компанийн мэдэгдэлд онцолжээ. 2022 онд гүйцэтгэх захирал болсон тэрбээр мөн тус компанийн хэрэглээний цахилгаан бараа, хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн хэлтсийг хариуцаж байжээ.
“Samsung” компанийн удирдлагад Лигийн гэр бүлийнхэн давамгайлсан хэвээр байгаа бөгөөд Ли Жэ Ён гурав дахь үеийн удирдагчаар ажиллаж байгаа юм. Өмнөд Солонгосын технологийн салбарт тэргүүлэгч компани хөрөнгийн биржийн мэдүүлэгтээ Жун Ён Хёныг одоо цорын ганц гүйцэтгэх захирал болно гэж мэдэгджээ. Тэрбээр дөнгөж өнгөрсөн долоо хоногт гүйцэтгэх захирлаар томилогдсон байна.
“Samsung”-ийн санах ойн чип үйлдвэрлэлийн бизнест сорилт бэрхшээл тулгараад буй үед дээрх мэдээ цацагдлаа. Тус компани дэлхийн хиймэл оюун ухааны чипийн зах зээлд SK Hynix, TSMC зэрэг өрсөлдөгчдөөсөө хоцорч байгаа юм. Өнгөрсөн 10 дугаар сард “технологийн өрсөлдөх чадвар болон компанийн ирээдүйтэй холбоотой” асуудлууд урган гарч ирсэн гэж тус компани мэдэгджээ. Өнгөрсөн долоо хоногт болсон хувьцаа эзэмшигчдийн хурал дээр Хан Жон Хи болон бусад удирдах албан тушаалтнууд 2025 оныг хүндхэн жил болно гэж таамаглаж буйгаа хөрөнгө оруулагчдад хэлжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.