Мьянмарт болсон газар хөдлөлтийн улмаас 1644 хүн амиа алджээ

Мьянмарт болсон газар хөдлөлтийн улмаас 1644 хүн амиа алджээ

Мьянмарт болсон газар хөдлөлтийн улмаас 1644 хүн амиа алдаж, 3400 гаруй хүн гэмтэж бэртсэнээс гадна 139 хүн сураггүй алга болсон тухай тус улсын цэргийн хунтын удирдлага мэдэгдлээ.

Мөн зам, гүүр, барилгууд нурж сүйдсэнээр дэд бүтцэд ихээхэн хохирол учирчээ. Эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилсээр байна. Ялангуяа тус улсын хоёрдахь том хот болох 1,5 сая хүн амтай Мандалай хотод ихээхэн эвдрэл сүйрэл учирчээ. Тус хот газар хөдлөлтийн голомтоос 17 км-ийн зайд оршдог байна.

Мьянмарын засгийн эрхийг барьж буй цэргийн хунтын удирдлага томоохон байгалийн гамшгийн үед гадаадаас тусламж хүсдэггүй байсан бол энэ удаад дэлхийн хамтын нийгэмлэгт хандан тусламж үзүүлэхийг уриалжээ. Европын Холбоо, Хятад, Орос, АНУ, Өмнөд Солонгос улсууд Мьянмарт туслахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. 

Өнгөрсөн баасан гарагт Мьянмар улсад 7,7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, Тайланд, Вьетнам, Хятадад чичирхийлэл мэдрэгджээ. Тайландын нийслэл Бангкок хотод барьж буй өндөр барилга нурсны улмаас 9 хүн амиа алдаж, 101 хүн сураггүй болжээ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.