Авлигатай тэмцэх газрын даргаар З.Дашдавааг улираан томилов

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Авлигатай тэмцэх газрын даргыг улируулан томилох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ үеэр тогтоолын эцсийн найруулгыг уншиж, танилцуулаад “З.Дашдаваа даргад ажлын амжилт хүсье. Өнөөдөр УИХ-ын гишүүд Авлигатай тэмцэх газрын даргыг улируулан томилж байгаатай холбогдуулан олон санал хэллээ. Гишүүдийн хэлсэн саналыг та бүхэн ажил хэрэг болгож хэрэгжүүлэх нь зүйтэй болов уу. Авлигатай тэмцэх үйл ажиллагааг ул суурьтайгаар хэрэгжүүлэх, үүнийг нь УИХ дэмжин ажиллах шаардлагатайг гишүүд хэлж байна. Үүнийг хэрэгжүүлэх үүднээс танай байгууллага бүтэц, бүрэлдэхүүн, ажиллах нөхцөлтэй холбоотой асуудлуудаа УИХ-д танилцуулах шаардлагатай.
Нөгөө талаасаа Авлигатай тэмцэх газраас хуулиас давсан журмуудтай холбоотой асуудлаар саналаа боловсруулж, хүчингүй болгуулах, авлига үүсгэх нөхцөлийг бий болгож байгаа төрийн шийдвэрүүдийг хүчингүй болгуулах саналуудаа шуурхай танилцуулж, шийдвэрлүүлэх үүрэг, чиглэл өгч байна. УИХ-ын Тамгын газар, Авлигатай тэмцэх газар болон Хүний эрхийн Үндэсний Комисс хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. Энэхүү ажлыг илүү эрчимжүүлж, бодит үр дүн гаргах талаар анхаарч ажиллахыг хүсье. УИХ танай байгууллагын үйл ажиллагаа, ажиллах нөхцөлийг чинь анхаарч, бүрэн дэмжиж ажиллана” гэлээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.