Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтыг эхлүүлнэ.

Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтыг эхлүүлнэ.
Одоогоор газар чөлөөлөлт 85 хувьтай байгаа бөгөөд газар чөлөөлсөн уг байршил дээр хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан ажиллав.
Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар, “Сэлбэ дэд төвийн эхний ээлжийн 4362 айлын орон сууц барих барилгын ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах хоёр багц тендерийг гуравдугаар сард зарласан. Нэгж талбаруудыг чөлөөлж, цэвэрлэгээ, ариутгал хийж дуусаад бүтээн байгуулалт барих хашааг татна. Сэлбэ дэд төв бол “20 минутын хот” үзэл баримтлалын 14 хотын хамгийн эхэнд барих хот. Энэхүү газар чөлөөлөлтөд өртөөгүй айлуудаас газраа чөлөөлүүлэх хүсэлтийг ихээр ирүүлж байна. Тиймээс иргэдийн олонх дэмжсэн тохиолдолд нэмж газар чөлөөлөлт эхлүүлэх боломжтой” гэдгийг онцоллоо.
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул, “Сэлбэ дэд төвийн хажууд уулын энгэрт газар чөлөөлөлтөд өртөөгүй айлууд үлдсэн. Чингэлтэй дүүргээс тухайн айлуудтай зөвшилцөж, Сэлбэ дэд төвийн ойролцоо илүү харагдац сайтай байршилд хувийн хэвшилтэй хамтраад шинэ хорооллууд барих саналтай байгаа. Улмаар орлого нь эргэлдэж байдаг газар чөлөөлөлт, орон сууцны сан байгуулж, гэр хорооллын айлуудын газрыг чөлөөлж, орон сууцжуулах байдлаар төр, хувийн хэвшил, иргэнд аль алинд нь ээлтэйгээр төлөвлөлт хийдэг тогтолцоо руу шилжих нь зүйтэй гэсэн хотын даргын өгсөн чиглэлийг ажил хэрэг болгоно” гэдгээ хэллээ.
Хотын дарга Х.Нямбаатар агаарын бохирдлыг бууруулах хамгийн үр дүнтэй аргын нэг бол гэр хорооллыг орон сууцжуулах юм. Сэлбэ дэд төвийн нөлөөллөөс гадна оршин сууж байгаа боловч газраа чөлөөлүүлэх хүсэлтэй байгаа иргэдээс санал авч эхлэхийг үүрэг болгожээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.