Европ тивийн зарим улс хөл хорионы дэглэмээ зөөллөж байна

Европ тивийн зарим улс хөл хорионы дэглэмээ зөөллөж байна

Европ тивийн зарим улс коронавирусний цар тахлын үеэр авсан хөл хорионы дэглэмээ зөөллөж эхлээд байна. Тухайлбал, Дани улс хүүхдийн цэцэрлэг, бага сургуулийн үйл ажиллагааг энэ сарын 15-наас сэргээхээр төлөвлөж байна. Дунд, ахлах сургуулийн сурагчид тавдугаар сарын 10-нд хичээлдээ орох юм. Энд худалдааны төв, үсчин, массажны газрыг удахгүй нээнэ гэж мэдэгдэж байна. Дани улсад 10-аас дээш хүн нэг дор цугларахыг хориглосон хэвээр байна.

Харин Австри улсад сургууль, цэцэрлэгүүдийг тавдугаар сарын дунд хүртэл нээхгүй, зайны сургалтаа үргэлжлүүлэн явуулах бодлого баримталж байна. Гэхдээ энэ сарын 14-нөөс эхлэн 400 метр квадратаас доош талбайтай жижиг дэлгүүрүүд, мөн барилгын материал, цэцэрлэгжүүлэлтийн бараа бүтээгдэхүүн худалддаг худалдааны төрөлжсөн байгууллагуудын үйл ажиллагааг сэргээхээр төлөвлөж байна.

Бусад дэлгүүр, худалдааны төвүүд, үсчний газруудыг тавдугаар сарын 1-нд нээнэ. Гэхдээ эцсийн шийдвэрийг энэ сарын сүүлчээр гаргах юм байна. Зочид буудал, ресторанууд тавдугаар сарын дунд хүртэл хаалттай байх бол олон нийтийг хамарсан үйл ажиллагааг зургаадугаар сарын сүүлч хүртэл хоригложээ. Австричууд тавдугаар сарын 1-нийг хүртэл ажилдаа явах, худалдаа хийх, бусад хүнд туслах, цэвэр агаарт ганцаараа спортоор хичээллэх гэсэн дөрвөн шалтгаанаар гэрээс гарахыг зөвшөөрч байна.

Тэгвэл Европын холбоондоо хамгийн түрүүнд хязгаарлалтын арга хэмжээ авсан улсуудын нэг Чехэд өчигдрөөс эхлэн цэвэр агаарт цөөхүүлээ теннис, гольф тоглохыг зөвшөөрчээ. Харин маргаашаас гэр ахуйн бараа, цэцэрлэгжүүлэлт, гар урлалын бараа бүтээгдэхүүн худалддаг дэлгүүрүүдээ нээх гэж байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.