Халдвар авсан иргэнийг Сэлэнгэ аймгаас ХӨСҮТ-д авчирлаа
Монгол Улсад коронавирус өвчний 16 дахь тохиолдол өчигдөр бүртгэгдсэн. Халдвар авсан тухайн иргэн нь өнгөрсөн гуравдугаар сарын 26-27-нд шилжих шөнө ОХУ-аас ирсэн дариудаа Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан бөгөөд давтан шинжилгээгээр түүнээс халдвар илэрсэн юм. Халдвар авсан иргэнийг Сэлэнгэ аймгаас өчигдөр орой ХӨСҮТ-ийн Ажлын хэсэг Улаанбаатар хотод авчирлаа. Халдвар авсан иргэн нь ОХУ-д сурдаг, 20 настай, эрэгтэй. Түүнийг ХӨСҮТ-д авчирч, хэвтүүлэн эмчилж байна.
Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын албаны эх сурвалжаас дээрх асуудлаар мэдээлэл лавлахад “Тухайн иргэн нь ОХУ-аас ганцаараа хилээр орж ирсэн. Ойрын хавьтагч байхгүй гэж ойлгож болно. Түүнийг хилээр нэвтрэхэд гаалийн ажилтнууд, эмнэлгийн эмч нар хүлээн авч, нэвтрүүлсэн. Энэ хүмүүс нь халдвараас сэргийлэх хувцас хэрэглэлээр бүрэн хангагдсан учраас ойрын хавьтагч гэж үзэхгүй гэж аймгийн Эрүүл мэндийн газраас мэдэгдсэн. Тухай иргэний биеийн байдал хэвийн байгаа. Сэлэнгэ аймагт өнөөдрийн /өчигдөр/ байдлаар 29 хүн ажиглалт, тусгаарлалтад байна. Түүний нэг нь дээрх халдвартай иргэн. Аймгийн нэгдсэн эмнэлэг болон Алтанбулаг суманд хяналтад авч байгаа” гэлээ.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д коронавирусээр халдварласан 12 иргэн эмчлүүлж байна. Тэдний гурав нь Турк, нэг нь Франц, найм нь Монгол Улсын иргэд юм. Харин дөрвөн иргэн эдгэрч, одоо тусгаарлалтад байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.