БНСУ-д ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид сурталчилгаагаа албан ёсоор эхлүүлжээ

БНСУ-д ирэх сард болох ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид өнөөдөр сурталчилгаагаа албан ёсоор эхлүүлж, улс орны эдийн засгийг сэргээж, ард түмнийг нэгтгэх амлалт өгч байна.
Онц байдал зарласны улмаас албан тушаалаасаа буусан Ерөнхийлөгч асан Юн Сог Ёлийн халааг авах хүнийг зургаадугаар сарын 3-нд сонгох бөгөөд Ардчилсан намаас /АН/ нэр дэвшигч Ли Жэ Мён санал асуулгын дүнгээр тэргүүлсэн хэвээр байна. Харин “Ардын хүч” намаас /АХН/ Хөдөлмөрийн сайд асан Ким Мүн Сү нэр дэвшжээ.
Ли Жэ Мён эдийн засаг, ард түмний амьжиргааг сайжруулах амлалтаараа сонгогчдыг татахыг хичээж байгаа бол Ким Мүн Сү консерватив үзэлтэй сонгогчдыг нэгтгэхийг эрмэлзэх төлөвтэй байна. Энэ удаагийн сонгуулийг АН-ын Ли Жэ Мён, АХН-ын Ким Мүн Сү, Шинэ шинэчлэлийн намын Ли Жүн Сок нарын өрсөлдөөн болно гэж шинжээчид дүгнэж байна. Харвардын их сургуулийг төгссөн Ли Жүн Сок АХН-ын даргаар ажиллаж байв.
Сөүл хотын төвд сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлсэн Ли Жүн Сок удахгүй болох сонгуулийг “Зөвхөн АН, АХН-ын хоорондох тэмцэл биш харин бослого хөдөлгөөнөөр Үндсэн хуулийн дэг журам, ард түмний амьдралыг сүйрүүлсэн элитүүдийн эсрэг тэмцэл” гэж тодорхойлжээ. Тэрбээр өөрийгөө “бэлтгэл сайтай ерөнхийлөгч” хэмээн нэрлээд, өмнөх ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсанаасаа сургамж авч, энэ удаад “бүр ч сайтар бэлтгэсэн” гэдгээ онцолсон байна.
Харин АХН-ын нэр дэвшигч Ким Мүн Сү сонгуулийн кампанит ажлаа Сөүлийн өмнөд хэсэгт орших Гарак захад эхлүүлж, өнөө орой Дэжон дахь үндэсний оршуулгын газар болон зүүн өмнөд нутгийн Дэгү хотын уламжлалт захаар зочлохоор төлөвлөж байна. Тэрбээр зах дээр очсоныхоо дараа сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө “зах зээлд анхаардаг ерөнхийлөгч болно" гэдгээ амлаж, эдийн засгийг сэргээж, иргэдийн амьжиргааны асуудлыг шийдвэрлэхийн төлөө ажиллана гэдгээ онцлон дурджээ.
Ням гарагт “Realmeter” судалгааны хүрээлэнгээс танилцуулсан санал асуулгын дүнгээр, АН-ын нэр дэвшигч Ли Жэ Мён 52.1 хувийн, АХН-ын Ким Мүн Сү 31.1 хувийн дэмжлэг тус тус авсан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.