Төрийн ордонд анх удаа хүүхдийн өрөөтэй боллоо

Төрийн ордонд анх удаа хүүхдийн өрөөтэй боллоо

Улсын Их Хурлын Тамгын газраас Төрийн ордны баруун жигүүрт Хүүхдийн өрөө тохижуулан бэлтгэснийг өнөөдөр нээж, анхны зочдоо хүлээн авлаа.

Хүүхдийн өрөөг албан ёсоор нээх үедээ Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж Төрийн ордон болон Сүхбаатарын талбай тусгай хамгаалалтад байдаг тул энэ өрөөг нээхийн тулд холбогдох дүрэм, журамд өөрчлөлт оруулах шаардлага тулгарсан тухай дурдаж, тэр бүхнийг даван туулсны эцэст бид Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн босгон дээр өрөөгөө нээж байна гэлээ. Мөн тэрбээр бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүд тодорхой хугацаанд хүүхдээ Хүүхдийн өрөөнд үлдээгээд, камераар хянаж, санаа зовох зүйлгүй ажлаа хийх боломж бүрдсэнээр тэдний ажлын бүтээмж дээшилж, байгууллагын ажлын гүйцэтгэл, үр дүн сайжрах ач холбогдолтойг тэмдэглэсэн юм.

Монгол Улсын Их Хурал 2024-2028 оны стратеги төлөвлөгөөгөө баталж, үүгээрээ хүн төвт, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн үзэл санааг төгөлдөржүүлэх стратеги зорилгыг тодорхойлсны дагуу хүндээ ээлтэй байх, төрийн албан хаагчдын ажиллах нөхцөлийг хангахад чиглэсэн бүхий л арга хэмжээг Тамгын газраас авч хэрэгжүүлж байгаагийн нэг нь энэ гэдгийг Ерөнхий нарийн бичгийн дарга онцолсон юм.

Тэрбээр Хүүхдийн өрөөний анхны зочид болсон Нийслэлийн ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагч Б.Бахдал, нэгдүгээр ангийн сурагч Б.Бадмаараг, Орос-Монголын хамтарсан гуравдугаар сургуулийн нэгдүгээр ангийн сурагч Б.Амарбаяр, “Шинэ Монгол” сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагч Э.Эрдэнэбилэг, нэгдүгээр ангийн сурагч Э.Номин-Эрдэнэ нарт бэлэг гардуулж, баяр хүргэлээ.

Төрийн ордонд анх удаа нээгдэж буй тус өрөөг өв соёлоо сурталчилсан олон төрлийн тоглоом, үүний дотор оньсон тоглоомууд, мөн хүүхдэд зориулсан шинжлэх ухааны хялбаршуулсан болон үлгэрийн, өв уламжлалын номуудаар тохижуулсан байна. Хүүхдүүд аав, ээжийнхээ ажлын газрын дэргэдэх өрөөнд тэднийг хүлээнгээ ном уншиж, тоглож наадах боломж бүрдэж байгаад баяртай байгаагаа илэрхийлж байлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“Улаанбаатар опен” олон улсын тэмцээн сонгомол бөхийн барилдаанаар эхэллээ 2025-05-29

Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ 2025-05-29

Цахим мөрийтэй тоглоом, бооцоот тоглоом, төлбөрт тааврын үйл ажиллагаа эрхлэхийг хориглох хуулийн төсөл эцэслэн батлагдлаа 2025-05-30

Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 4274 болжээ 2025-05-30

"Аялал жуулчлалын сургалтын төв” албан ёсоор нээлтээ хийлээ.  2025-05-30

Төрийн ордонд анх удаа хүүхдийн өрөөтэй боллоо 2025-06-01

Хүүхдийн баяраар нийтийн тээврийн дөрвөн чиглэлд өөрчлөлт орууллаа 2025-06-01

Ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.   23 цагийн өмнө

Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 22 цагийн өмнө

12 ордын зурхай. /2025.06.02/ 22 цагийн өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх тогтоолын төслийг ТББХ нууц санал хурааж, 23 гишүүнээс 17 нь буюу 73.9 хувь дэмжиж санал өглөө 6 цагийн өмнө