Стратегийн хүнсний татварыг 6 дугаар сарын 30 хүртэл чөлөөлнө
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.
Хуулийн төсөлд, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ, хангамж, нийлүүлэлтийг тогтвортой байлгах зорилгоор стратегийн хүнс буюу улаанбуудай, үрийн улаанбуудай, бүх төрлийн хүнсний будаа, элсэн чихэр, ургамлын тосыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас гуравдугаар сарын 1-нээс зургаадугаар сарын 30-ныг хүртэлх хугацаанд чөлөөлөх зохицуулалт тусгаад байв. Чуулганы нэгдсэн хуралдаанаар, Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар дэмжсэн гурван зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураав.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн хугацааг тус тус “2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл дагаж мөрдөнө” гэж өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
Мөн УИХ-ын гишүүн Ч.Улаан Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн “импортлоход” гэсний дараа үндэсний үйлдвэрийг дэмжих зорилгоор дотоодод үйлдвэрлэсэн ургамлын тос” гэж нэмэх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Хуулийн төслийн дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.
Ингээд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлснээр чуулганы нэгдсэн хуралдаан 15.00 цаг хүртэл түр завсарлалаа.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.