Хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн 8 орны 260 иргэнийг албадан гаргалаа

Гадаадын иргэн харьяатын газар өнгөрөгч есдүгээр сараас эхлэн улсын хэмжээнд нэгдсэн хяналт шалгалтыг зохион байгуулж, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулж, хууль бусаар хөдөлмөр эрхэлж байсан 8 орны 260 иргэнийг албадан гаргалаа. Тодруулбал, Узбекистаны 6, ОХУ-ын 4, Филиппиний 4, БНСУ-ын 2, Энэтхэгийн 1, Туркийн 1, БНХАУ-ын 242 иргэн Монгол Улсад аяллын буюу жуулчин ангиллын визээр орж ирээд барилга, зам, гүүрний ажил эрхэлж байсан нь хяналт, шалгалтаар тогтоогдсон юм.
🔹Хууль тогтоомж зөрчсөн эдгээр иргэдэд хууль, тогтоомжийн дагуу торгох шийтгэл ногдуулж, Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон, ийнхүү албадан гаргав. Мөн гадаадын иргэдийг хууль бусаар ажиллуулж байсан аж ахуйн нэгж, байгууллагуудад торгууль ногдуулж, холбогдох албан шаардлага хүргүүллээ.
🔹Сүүлийн жилүүдэд виз, зөвшөөрлийн үйл ажиллагаа бүрэн цахимжиж, виз олголт өссөн. Үүнийг дагаад жуулчлах зорилгоор виз авсан иргэд зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэх, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулах, визийн байх хугацааг хэтрүүлэх зэрэг зөрчил нэмэгдэж, албадан гаргагдаж буй иргэдийн тоо өссөн үзүүлэлттэй байна. Тухайлбал, Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад зөрчилд холбогдсон гадаадын иргэд 86,6 хувиар нэмэгдсэн бол албадан гаргагдсан гадаадын иргэд 2.2 дахин өссөн байна.
🔹Иймд гадаадын иргэн, түүнийг уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд Монгол Улсын хууль тогтоомжийг хүндэтгэн биелүүлэх, хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулах, гадаадын иргэн болон өөрийн аж ахуйн нэгж, байгууллагыг эрсдэлд оруулахгүй байх чиглэлд онцгойлон анхаарах шаардлагатайг зөвлөж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.