АНУ-ын ногоон карт эзэмшигчдийг дахин шалгана

АНУ-ын ногоон карт эзэмшигчдийг дахин шалгана

АНУ-ын Ногоон картыг эзэмшдэг аливаа улсын бүх иргэдэд хатуу чанга, нарийвчилсан шалгалтыг үе шаттай явуулахыг Ерөнхийлөгч Доналд Трамп үүрэгджээ. Энэ талуур тус улсын "Иргэншил, цагаачлалын алба"-ны дарга Жозеф Эдлоу ярьсан байна.

Ногоон картыг дахин шалгах засаг захиргааны шийдвэрийн хүрээнд Цагаан ордноос зургаадугаар сард гаргасан тунхаглалд багтсан Афганистан, Куба, Хаити, Иран, Сомали, Венесуэл, Мьянмар, Чад, Бүгд найрамдах Конго улс болон Ливи зэрэг улс орнуудын ногоон карт эзэмшигч иргэдийг шалгахаар болжээ.

Дээрх улсуудыг жагсаалтад оруулах болсон шалтгаанд тухайн улсын аюулгүй байдал болон бизнес, оюутан, жуулчны визтэй иргэд визний хугацаагаа хэтрүүлэх, визний хугацаа дууссан ч хууль зөрчиж үлдэх зэрэг хүчин зүйлс нөлөөлсөн гэж Доналд Трампын засаг захиргаанаас мэдэгдлээ.

Лхагва гарагт АНУ-ын нийслэл Вашингтон хотод Үндэсний гвардын хоёр албан хаагч рүү Афганистанаас ирсэн этгээд гал нээж, нэг албан хаагч амь насаа алдсан хэрэг гарсан. Тэгвэл энэхүү хэргийн дараа АНУ-ын засаг захиргаа ийнхүү мэдэгдэж байгаа юм.

Халдлага үйлдсэн сэжигтэн Рахмануллах Лаканвал нь 2021 оны есдүгээр сард Афганистанаас АНУ-д цагаачлалын тусгай хөтөлбөрийн хүрээнд ирсэн бөгөөд өнгөрсөн жилийн сүүлчээр албан ёсоор цагаачлан орогнох хүсэлтээ гаргаж, энэ оны эхээр амьдрах эрхээ авсан байжээ.

Ерөнхийлөгч Доналд Трамп лхагва гарагт болсон халдлагыг үндэсний аюулгүй байдалд заналхийллээ хэмээн тодотгожээ.

Иргэншил, цагаачлалын албаны дарга Жозеф Эдлоу ногоон карттай холбоотой дахин шалгалтын ажиллагааны талаар пүрэв гарагт өөрийн нийгмийн сүлжээнд нийтлэхдээ халдлагын талаар тодорхой дурдаагүй байна.

Тэрээр, “АНУ болон Америкийн ард түмний аюулгүй байдал нэн тэргүүнд байна. Энэ улсын ард түмэн өмнөх засаг захиргааны болчимгүй бодлогын үр дагаврыг үүрэхгүй” гэжээ.

Цагаан ордноос энэ оны зургаадугаар сард танилцуулсан тунхаглалд гадны террорист халдлага болон олон нийт, үндэсний аюулгүй байдалд заналхийлэхээс урьдчилан сэргийлэх үндсэн дээр гадаадын иргэдийг АНУ-д нэвтрэхийг хязгаарлах тухай тусгаж байв.

Өнгөрсөн лхагва гарагт Үндэсний гвардын хоёр албан хаагч руу гал нээсэн явдлыг Доналд Трамп хурцаар шүүмжилж байгаа юм. Тэрээр энэхүү халдлага нь АНУ-ын үндэсний аюулгүй байдалд ноцтой заналхийлсэн үйлдэл болохыг онцолжээ.

Түүнчлэн Ерөнхийлөгч асан Жо Байдений засаг захиргааг 20 орчим сая цагаачдыг АНУ-д нэвтрэх боломжоор хангасан хэмээн буруушаажээ.

Өнгөрсөн долоо хоногт Иргэншил, цагаачлалын албанаас өмнөх Ерөнхийлөгч Жо Байдений үед хүлээж авсан бүх дүрвэгсдийг дахин шалгах талаараа мэдэгдсэн байна.

Мөн Афганистанаас ирсэн бүх цагаачлалын хүсэлтийг түдгэлзүүлээд байгаа бөгөөд энэ нь улсын аюулгүй байдал, дахин шалгалтын ажиллагааг хэрэгжүүлэх хүртэлх түр арга хэмжээ хэмээн лхагва гарагт мэдэгджээ.

Эх сурвалж: https://eagle.mn/r/hlyUdJrxuVq

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.