Улсын арслан Б.Орхонбаяр хоёр дахь удаагаа “Ерөнхийлөгчийн цом”-ын эзэн боллоо
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойд зориулсан, Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаанд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Таванхан” дэвжээний бөх, улсын арслан Б.Орхонбаяр түрүүлж, Ерөнхийлөгчийн цомыг хоёр дахь удаагаа хүртлээ.
Монголын үндэсний бөхийн холбооны мэдээлснээр, Ховд аймгийн Мөст сумын харьяат, "Ховд" дэвжээний бөх, аймгийн арслан М.Баяржавхлан анх удаагаа үзүүрлэв.
Дөрөвт Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, "Ховд" дэвжээний бөх, улсын заан Б.Бат-Өлзий, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, "Хан Хэнтийн Аварга" дэвжээний бөх, аймгийн хурц арслан Д. Алтанцоож нар шалгарлаа.
Наймд улсын арслан Ц.Бямба-Отгон, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын заан Н.Жаргалбаяр, улсын харцага Б.Зоригтбаатар нар үлдэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомыг Улсын арслан Б.Орхонбаярт гардуулж, баяр хүргэв. Мөн үзүүрлэсэн болон их шөвгийн бөхчүүдэд дурсгалын зүйл гардууллаа.
Улсын арслан Б.Орхонбаяр Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг 2022 онд хүртэж байсан юм.

Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.