Өсвөр үеийн жирэмслэлт бууруулах талаар хэлэлцүүлэг боллоо.
Эрүүл мэндийн яамны санаачилгаар "Өсвөр үеийн жирэмслэлт ба үр хөндөлт, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх” салбар дундын хэлэлцүүлэг өчигдөр боллоо.
Энэхүү хэлэлцүүлэгт хууль эрх зүй, боловсрол, гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар, иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн нийгэмлэг, холбоод оролцож санал бродлоо солилцов.
ЭМЯ-ны мэдээлснээр, өсвөр үеийнхэн эрт гэрлэх, боловсролын түвшин бага, асран хамгаалагчийн анхаарал халамж хангалтгүй, эрүүл мэндийн боловсролын хүртээмж бага байх, ердийн хэрэгцээний дутагдалтай орчинд амьдрах нь жирэмслэх эрсдэлийг нэмэгдүүлж байна.
2023 оны байдлаар өсвөр үеийн 1000 охидод ногдох төрөлтийн түвшин дэлхийд 41.3 байгаа нь 2000 оныхтой харьцуулахад буурсан ч Зүүн Ази, Номхон далайн бүс, Ойрхи Дорнод, Хойд Африкийн оронд тус үзүүлэлтийн тоо буурахгүй байна. Мөн бага, дунд орлоготой улс оронд 21 сая охид жирэмсэлсний 50 орчим хувь нь хүсээгүй жирэмслэлт хэмээн бүртгэж эдгээрийн 55 хувь нь үр хөндүүлжээ.
Монгол Улсад 2023 оны байдлаар өсвөр үеийн 15-19 насны охидын төрөлтийн түвшин 1000 охидод 18.1, орон нутаг буюу аймгийн дүнгээр 16.5, Улаанбаатар хотод 20.2 байна. Эрүүл мэндийн үзүүлэлтээр тус онд 20-иос доош насны 609 эмэгтэй үр хөндүүлжээ. Нийгмийн түүвэр үзүүлэлтийн судалгаагаар 15-19 насны охидын төрөлтийн түвшин 2018 онд 42.6 байсан бол 2023 онд 27.6 болж буурсан байна. 15-19 насны өсвөр үеийн охидын төрөлтийн түвшин 2015 онд 37.2 байсан бол 2023 онд 17.9 болж буурч байна.
Тус хэлэлцүүлгээс бодит санал, шинэлэг шийдэл, нотолгоонд суурилсан зөвлөмж, үр дүнд эдгээрийг бодлого, хөтөлбөрт тусган хэрэгжүүлэхэд Эрүүл мэндийн яам анхаарч, хамтран ажиллах юм.

Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.