Д.Лүндээжанцан: Дэгийн хуулиар цагтаа ирээгүй гишүүний үг хэлэх эрхийг хасна

Д.Лүндээжанцан: Дэгийн хуулиар цагтаа ирээгүй гишүүний үг хэлэх эрхийг хасна

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг баталсан. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан уг хуулийн төслийн өнөөдөр сэтгүүлчдэд танилцууллаа.

Шинэ коронавирусний цар тахал дэгдсэнтэй холбогдуулан урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр ДЭМБ-аас улс орнуудад өгч байгаа зөвлөмжийг Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой байдлын комисс шуурхай авч хэрэгжүүлж, иргэдээ цар тахлаас хамгаалж байна. Энэ цаг үед УИХ-ын хаврын ээлжит чуулган хуралдах хуулийн хугацаа давхцаж буйг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан мэдээллийнхээ эхэнд онцоллоо. Тэрбээр, "Онцгой нөхцөлд шийдвэрлэвэл зохих асуудлыг УИХ яаралтай хэлэлцэн батлах шаардлагыг харгалзан миний бие УИХ-ын чуулганы хуралдааны дэгд нэмэлт оруулах хуулийн төсөл санаачлан боловсруулж өргөн мэдүүлснийг УИХ шуурхай хэлэлцэж баталлаа. Энэ хуулиар, ДЭМБ-ын зөвлөмж, шийдвэрийг мөрдөн, чуулганы нэгдсэн болон Байнгын хороодын хуралдааныг эрсдэл багатай, шуурхай хуралдуулах нөхцөл бүрдсэн. Өөрөөр хэлбэл, онц байдал, дайн бүхий болон дайны байдал, Гамшгийн тухай хуульд заасан бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн, олон улсын хөл хориот өвчин гарсан онцгой нөхцөлд асуудлыг цахим хуралдаанаар хэлэлцүүлэх боломжийг нээж, энэ үед баримтлах дэгийг тодорхой болгон зохицуулж өгсөн. Цаашид Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, улс орны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэхтэй холбогдсон олон хууль, тогтоолыг хэлэлцэж шаардлага тулгарч байгаа. Энэ бүх эрх зүйн баримт бичгүүдийг хэлэлцэж шийдвэрлэх, онцгой нөхцөлийн үед төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллагын ажил хэвийн үргэлжлэх боломжийг нээж буйгаараа онцлог" хэмээв. 

Мөн ердийн нөхцөлд хууль, тогтоолыг УИХ-аар хэлэлцэн батлах бүхий л процессыг нарийн чанд хуульчилж өгсөн байдаг. Харин энэ хуулиар онц байдал, дайн бүхий болон дайны байдал, Гамшгийн тухай хуульд заасан бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн, олон улсын хөл хориот өвчин цар тахал гарсан онцгой нөхцөлд асуудлыг хялбаршуулсан болон цахим хуралдаанаар хэлэлцүүлж болохоор зааж өгсөн. Ингэснээр халдвар авсан, хөл хорио, хязгаарлалтад орсон, эмнэлэгт хэвтсэн зэрэг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хурапдаанд биечлэн оролцох боломжгүй ч хэлэлцэж байгаа асуудлын талаар саналаа бичгээр болон цахим шуудангаар албан ёсоор илэрхийлсэн УИХ-ын гишүүнийг ирцэд бүртгэж, санал хураалтад оруулж тооцох боломжтой болно. Ирц санал хураалтад оролцсон гишүүний саналаа илэрхийлсэн талаарх баримтыг хэлэлцсэн асуудлын хувийн хэрэгт хавсаргаж баталгаажуулна гэдгийг онцоллоо.

Түүнчлэн дээр дурдсан онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд Монгол Улсын Үндсэн хуультай харшлахгүй бол ирц бүрдүүлэх, санал хураах, төсөл хэлэлцэх үе шатыг тогтоох, эцсийн найруулга сонсох болон шийдвэр хүчин төгөлдөр болох асуудлыг хялбаршуулан хэлэлцэх талаар хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэж байхаар заасан. Зайлшгүй шаардлагатай тохиолдолд чуулганы байршлыг өөрчилж өөр газар хуралдуулж болох, хаалттай хуралдаан хийх тохиолдолд хуралдааны дэгийг тусгайлан хуулиар зохицуулахаар заасан гэдгийг тэмдэглэв. 

Онцгой нөхцөлийн үед гишүүдийн хариуцлагыг дээшлүүлэх, тулгамдсан асуудлыг цаг алдалгүй шуурхай хэлэлцэж шийдвэрлэхтэй холбогдсон зохицуулалтыг суулгаж өгчээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн нь товлосон цагт цахим хурлын программын ирцэд бүртгүүлж оролцох үүрэгтэй. Хэрэв хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гишүүн товлосон цагт ирцэд бүртгүүлээгүй бол тухайн асуудлаар үг хэлэх эрхийг нь хасахаар болж байгаа аж.

Саналыг цахмаар хураах, эсхүл гар өргөж явуулах, харин нууцаар санал хураахдаа зөвхөн санал хураах хуудсаар авахаар тусгасан байна. Энэ хуульд заасан онцгой нөхцөлд цахимаар хуралдаж байгаа үед асуулт асуух хугацаа 2 минутаас илүүгүй, хариулт, тайлбар хангалтгүй гэж үзвэл тухайн гишүүний саналаар нэг минутаас илүүгүй хугацаагаар дахин нэмж асуулт асууж, тайлбар авахаар зохицуулжээ. Харин үг хэлэх хугацаа 3 минутаас илүүгүй байхаар зохицуулсан байна. Үүний зэрэгцээ асуудлыг шуурхайлах үүднээс УИХ дахь нам, эвслийн бүлэг, гишүүд шаардлагатай гэж үзвэл саналаа нэгтгэн асуулт, саналаа илэрхийлж болох заалтыг нэмж тусгасныг цохон тэмдэглэв. 

Тэрбээр цааш нь хэлэхдээ, "Энэ хуулиар чуулганы нэгдсэн болон Байнгын, дэд, түр хорооны хуралдааныг цахим хурлын программ ашиглан зохион байгуулах, цахим хурлын программ нь УИХ-ын гишүүд, ажлын хэсэг байршлаас үл хамааран дүрсээ харж нэгэн зэрэг сонсох болон ярих боломжтой байх шинэ зохицуулалт орж байгаа юм. Ингэснээр Байнгын хороодын дарга, нам, эвслийн бүлгийн дарга зэрэг УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн гишүүд хуралдаанд биечлэн, бусад гишүүд Төрийн ордон дахь хуралдааны дөрвөн танхимаас оролцох юм. Тодруулбал, “Эзэн Чингис хаан”, “Жанжин Д.Сүхбаатар”, “Их засаг”, “Үндсэн хууль” танхимуудаас, эсхүл албан өрөөнөөсөө оролцохоос гадна хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуралдаан даргалагчид урьдчилан мэдэгдсэн бол тухайн байгаа газраасаа цахим хуралдаанд оролцох боломж, нөхцөл бүрдэж байна" хэмээлээ. 

Мөн энэ хуулийн төсөлтэй хамт өргөн барьсан Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болгон өөрчилж, зарим зохицуулалтыг нэмсэн байна. Тухайлбал, онцгой байдал, дайн бүхий болон дайны байдал, гамшиг, олон улсын хөл хориот өвчин гарсан онцгой нөхцөлийн хугацаанд хууль санаачлагчаас тухайн нөхцөлийг арилгах, түүнийг даван туулахтай холбоотой санаачилсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөлд 72 цагийн дотор саналаа хүргүүлэхээр зааж өгсөн гэдгийг төсөл санаачлагч гишүүн нэмж тодотголоо.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.