Бурхан багшийн их дүйчэн өдөр өнөөдөр тохиож байна
Өнөөдөр зуны тэргүүн сарын шинийн 15-н буюу Бурхан багшийн Их дүйчин өдөр тохиож байна. Их дүйчин өдөр нь Буддын шашныг үндэслэгч Гаутама Буддагын мэндэлсэн, гэгээрэлд хүрсэн, нирваан дүрийг олсон гурван их үйл явдал нэгэн өдөр давхацсан хэмээн үздэг онцгой өдөр юм.
Энэ өдрийг буддын шашинт улс орнууд өргөн тэмдэглэж, сүсэгтэн олон хийд, сүмд мөргөл үйлдэн, буян номын ажилд оролцож, энэрэн нигүүлсэхүйн үзлийг түгээн дэлгэрүүлдэг уламжлалтай. Монгол Улсад ч мөн Их дүйчин өдрийг жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ өдөр сүсэгтэн олон мацаг барих, амьтан суллах, өглөг буяны үйл хийх, ном хуруулах зэрэг сайн үйлсэд шамддаг.
Нийслэл болон орон нутгийн сүм хийдүүдэд ном хурж, шашин соёлын арга хэмжээнүүд зохион байгуулагдаж байна. Буддын шашны сургаалд Их дүйчин өдрөөр үйлдсэн сайн үйлсийн буян хэд дахин арвиждаг хэмээн үздэг тул энэхүү өдрийг хүмүүнлэг, энэрэнгүй сэтгэлийг түгээх, өөрийгөө дотооддоо хөгжүүлэх боломж хэмээн сүсэгтэн олон хүндэтгэн тэмдэглэдэг билээ.
Уг өдөртэй холбогдуулан Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийд дараах хөтөлбөрийн дагуу ном хурах юм.
Энэ жилийн Их дүйчэн өдөр онцгой ач холбогдолтой болж буй нь Бурхан багшийн хоёр манлай шавь болох билгүүний дээд Шаарийбуу, хувилгааны дээд Монголжийбуу нарын ариун ринсрэлийг анх удаа Энэтхэг улсаас Монгол Улсад залж буй түүхэн үйл явдалтай давхцаж байгаа аж.
Энэ өдөр буян хурааж, сайн үйл хийхэд буян арвиждаг гэж үздэг учраас хүн бүр сэтгэлээ ариун байлгаж, буян хураах үйлд оролцдог байна. Бурхан багш энэрэл хайр, нигүүлсэл түгээн дэлгэрүүлж, ертөнцийн бодит оршин тогтнолыг одоогийн шинжлэх ухаан байгаагүй үед тайлбарлан номложээ.
Их дүйчин өдөр цээрлэх ёсон
Бурхан багшийн Их дүйчин өдөр 10 хар нүглийг тэвчиж, 10 цагаан буяныг туурвих учиртай. Бие, хэл, сэтгэл гурвын буруу явдлаас болж л жаргалтай амьдралынхаа төлөв түвшин байдлыг алддаг.
10 хар нүгэл дотор, уур омог, хүсэл тачаал тэргүүтэй маш олон үйл багтдаг бөгөөд тухайн өдөр хэрүүл тэмцэл хийх, хулгай хийх, амьтны амь таслах, өс хонзон санах, бусдыг доромжлон гүтгэх, өгөөгүйг авах зэрэг үйлийг цээрлэдэг.

Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.