"МӨР ӨӨД" САЙН ҮЙЛСИЙН АЯН ЗАВХАН АЙМГИЙН ТҮДЭВТЭЙ СУМАНД АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ
"SM" Мэс заслын төрөлжсөн мэргэшлийн эмнэлгээс санаачлан хэрэгжүүлдэг нийгмийн хариуцлагын хүрээний "Мөр Өөд" сайн үйлсийн аян энэ удаа Завхан аймгийн Түдэвтэй суманд амжилттай зохион байгуулагдлаа. Тус аян нь нарийн мэргэжлийн эмч, лавлагаа шатлалын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж харьцангуй бага байдаг хөдөө орон нутаг болон алслагдсан бүс нутгийн иргэдэд чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ойртуулах, өвчнийг эрт илрүүлэх, эрүүл мэндийн боловсролыг түгээх зорилготой юм.
Энэ удаагийн арга хэмжээ нь түүхт 100 жилийн ойгоо тэмдэглэж буй Завхан аймгийн Түдэвтэй суманд зохион байгуулагдсан бөгөөд "SM" эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нараас гадна мэргэжил нэгт олон эмч нар сайн дурын үндсэн дээр ажиллаж, иргэдэд үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо хийлээ.
Үзлэг, оношилгоо нь дараах чиглэлүүдээр явагдсан байна. Үүнд :
-
Гоо сайхны болон нөхөн сэргээх мэс засал
-
Урологи, бөөрний мэс засал
-
Чих, хамар, хоолойн үзлэг
-
Эмэгтэйчүүдийн умайн хүзүүний хавдрын эрт илрүүлэг
-
Хөлийн венийн судасны өргөсөл өвчний ЭХО оношилгоо
-
Хэвлийн ЭХО оношилгоо

Аяны хүрээнд нийт давхардсан тоогоор 350 гаруй иргэнд нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, оношилгоонд хамруулж эрүүл мэндийн зөвлөгөө мэдээлэл өгөн, оношлогдсон иргэдийн хувьд дараагийн шатлалын эмчилгээ, хяналтын талаар мэргэжлийн зөвлөгөө өгөн ажиллаа.
"Мөр Өөд" сайн үйлсийн аян нь 6 дахь жилдээ үргэлжилж байгаа бөгөөд иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, өвчнийг эрт илрүүлэхээс гадна эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн иргэдэд нарийн мэргэжлийн эмчийн үзлэгийг ойртуулах зорилгыг хэрэгжүүлж буйгаараа онцлог юм.
Аяныг зохион байгуулахад хамтран ажилласан Түдэвтэй сумын Засаг даргын Тамгын газар, Сум дундын эмнэлгийн хамт олон болон дэмжлэг үзүүлсэн бүх байгууллага, иргэдэд "SM" Мэс заслын төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн хамт олны нэрийн өмнөөс талархал илэрхийлье.
Мөн сайн дурын үндсэн дээр оролцож, өөрийн мэдлэг туршлагаа харамгүй хуваалцсан нарийн мэргэжлийн эмч нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлж байна.
"SM" Мэс заслын төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг нь цаашид ч "Мөр Өөд" сайн үйлсийн аянаа тогтмол үргэлжлүүлж, Монгол орны өнцөг булан бүрт хүрч ажиллан иргэдийн эрүүл мэндийн төлөө хувь нэмрээ оруулах болно.
"Мөр Өөд" — Эрүүл ирээдүйн төлөө өөдөө...
Холбоо барих:
"SM" Мэс заслын төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг
Утас: 7000-0048, 9074-0048
Хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Хансвилл хотхоны зүүн талд байрлах SM эмнэлгийн өөрийн байр.

Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.