Үндэсний баяр наадмын амралтыг сунгах шийдвэр гарлаа.

Үндэсний баяр наадмын амралтыг сунгах шийдвэр гарлаа.

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар Үндэсний баяр наадмын амралтыг сунгах шийдвэр гарлаа.

Тодруулбал, долоодугаар сарын 16, 17-ны ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлж, наадмаар 10 хоног амрахаар болжээ. Гэхдээ энэхүү шийдвэр зөвхөн төрийн байгууллагуудад л хамааралтай бөгөөд хувийн хэвшлийнхэн дотоод зохион байгуулалтаар ажил, амралтын хуваариа зохицуулах юм байна. Тэгвэл дээрх хоёр ажлын өдрийг 2026 ондоо багтаан нөхөж ажиллахаар тогтжээ. Ингэснээр төрийн албан хаагчид долоодугаар сарын 10-19-нийг дуустал нийт арав хоног амарна.

Энэ шийдвэрийг зөвхөн төрийн байгууллагууд дагаж мөрдөнө гэдгийг Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир онцолсон бөгөөд тэрээр энэ саналыг Засгийн газрын хуралдаанд орууллаа. 

ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал ярихдаа, “Монгол Улсын Засгийн газраас Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрийн тухай хуульд заасны дагуу долоодугаар сарын 10-15-ны өдрийг Үндэсний их баяр наадмын амралтын өдөр болгож хуульчилсан. Энэ жил Ардын хувьсгалын 105 жилийн ойгоор долоодугаар сарын 11, 12-ны өдрийн амралт буюу бямба, ням гарагт тохиож байгаа. Тиймээс ажил, амралтын тэнцвэртэй байдлыг хангах зорилгоор энэ жилийн амралтын өдрүүдээс долоодугаар сарын 16, 17 буюу пүрэв, баасан гаргийг бүх нийтийн амралтын өдөр болгож, эдгээр өдрийн нөхөн ажиллах зохицуулалтыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар, төрийн болон орон нутгийн өмчит хувьцаат компанийн захирлуудад даалгалаа. Ээлжийн амралтын нөхөн зохицуулалттай холбоотой асуудалд долоодугаар сарын 16, 17-ны өдрийн амралтыг 2026 оны төсвийн жилтэй багтаан аль нэг өдөр нөхөж ажиллуулахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгож шийдвэрлэлээ” гэв.

Харин хувийн хэвшилд ажилтнуудын ажил, амралтын тэнцвэрийг хангах зорилгоор гаргасан энэ шийдвэрийг мөн дагахыг уриалав.    

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.